Өнөөдөр Отгонтэнгэр их сургууль, иргэний агаарын тээврийн Хүннү эйр компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж агаарын тээврийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх сургалт, судалгааны ажил явуулах, тус чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг дадлагажуулах бусад талаар хамтран ажиллах, харилцан туслалцахаар хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
 
 
МУ-д Агаарын тээврийн үйлчилгээний чиглэлээр анх удаа бакалаврын түвшинд сургалт явуулан мэргэжилтэн бэлтгэж буй тус их сургууль өнөөдрийг хүртэл иргэний агаарын тээврийн тэргүүлэгч компани МИАТ ХК–д оюутнуудаа дадлагажуулж ирсэн бол цаашид МИАТ болон Хүннү Эйр компаниудад суралцагчдаа дадлагажуулан бэлтгэх юм.
 
Хүннү эйр компани нь сэнст болон тийрэлтэт хөдөлгүүр бүхий агаарын хөлгөөр иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог ажээ.
 
Отгонтэнгэр их сургууль нь Агаарын тээврийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн чанарт байнга анхаарч дотоодын авиа компаниудын оролцоог тус хөтөлбөрт нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж ирсэн билээ.