Отгонтэнгэр Их сургуулийн “Суръя, судалъя” хүмүүнлэгийн салбарын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд 25 оюутан материалаа ирүүлсэнээс 12 оюутан 2-р шатанд шалгарч, илтгэлээ хэлэлцүүллээ.
Тус хуралд оролцож байгаа нийт оюутнуудад хандаж ОТИС-ийн захирал, доктор, дэд профессор Н.Энхзаяа “Оюутнууд суралцаж буй чиглэлээрээ судалгаа хийж, үндэслэлтэйгээр асудалд хандаж, асуудлын гарц, гаргалгаа, шийдлийг олохоор эрэлхийлэх нь тун чухал. Өнөөдөр энэхүү цар тахлын үед манай оюутнууд цахим хичээлдээ идэвхтэй хамрагдахын зэрэгцээ судалгааны ажлаа ч орхигдуулахгүй байгаа нь сайшаалтай ” гэлээ.
Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал доктор, дэд профессор Б.Одгэрэл нээж үг хэлэхдээ: “Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бол их онцлогтой ажил. Судалгааны ажлыг хийгээд өнгөрөх биш бусадтай хэлэлцүүлж, түгээн дэлгэрүүлж байж үр дүн гардаг” гэдгийг онцлон хэллээ.
Тус хурлыг Хэл шинжлэл, соёл, нийгэм судлал, сэтгэл судлал, сэтгүүл зүйн асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд хурлын шүүгчээр багш доктор, профессор Б. Галиндэв, доктор, дэд профессор Э. Номин, доктор Н. Хосбаяр нар ажиллав.
Багш Гадаад Хэлний Боловсролын 4-р ангийн А.Дөлгөөн “Багшийн мэргэжлийн ёс зүйн асуудлыг судалсан нь” илтгэлээрээ ЕБС-н сурагчид багшийн ёс зүйг хэрхэн үнэлдэг, сурагчдын хувьд багшийн эрхэмлэх ёс зүй ямар байх ёстойг харуулснаараа онцгой байсан бол Сэтгүүл Зүйн 3-р ангийн оюутан С.Энхцэцэгийн “Ковидын үе дэх сэтгүүлчдийн аюулгүй байдал” илтгэл өнөөдөр сэтгүүлчдэд цар тахлаас болж ямар хүндрэлүүд үүсэж, тэдгээрийг хэрхэн давах туулах боложтойг судалсан нь цаг үеийн шинж чанартай байсан юм.
Мөн түүнчлэн Агаарын Тээврийн Үйлчилгээний 4-р ангийн О.Хулангийн “Монгол, Солонгос эмэгтэй хүний эрхэмлэх зан чанарын ижил төсөөтэй байдлын судалгаа” нь соёл хоорондын асуудлыг сонирхолтойгоор хөндөж, 2 орны соёлын ижил төсөөтэй байдлыг дөнгөж төрсөн ээжүүдээр төлөөлүүлэн харуулж чадсан нь сонирхолтой байлаа. Энэ мэтчилэн тус хуралд оролцсон оюутан бүрийн судалгааны ажил өөр өөрсдийн өнгө төрхтэй, дүгнэлт, санал зөвлөмжтэй, сайшаан хэлэх олон өнцөгтэй байлаа.
Хурлын төгсгөлд нийт 12 илтгэлийг онолын үндэслэгээ, баримт судалгаа, илтгэх ур чадварыг үндэслэн “Patricia V. Roehling-ийн аргаар гэр бүлийн итгэл үнэмшлийг судалсан нь” сэдэвт илтгэлээр тэргүүн байранд Сэтгэл судлалын 4-р ангийн оюутан Л. Номин-эрдэнэ, дэд байранд “Өсвөр үеийнхний цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг судалсан нь” илтгэлээр Нийгмийн ажилтаны 3-р ангийн оюутан М. Батхишиг орсон бол гуравдугаар байранд “Баялагийн сангийн олон улсын сайн жишиг” илтгэлээр Олон улсын харилцааны 3-р ангийн оюутан А. Маншук нар шалгарлаа.
Энэхүү хурал нийт оюутнуудад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гараагаа эхлэхэд нь туслах, туршлага олгох зорилгоо хангалттай биелүүлсэн, оюутнуудад эрч хүч, урам зориг хайрласан өрсөлдөөнтэй хурал боллоо хэмээн оролцогчид дүгнэсэн юм.