Инээд хөөрөөр бялхсан бяцхан үрс, амьдарлын их далайн аялалд гарч буй энэ сайхан эрдмийн хонх жингэнэсэн дуун дунд Отгонтэнгэр их сургууль болон түшиц Одтой жаалууд цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.
1991 онд байгуулагдсан хувийн хэвшлийн анхны их сургууль 29 дахь хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Өнгөрсөн жил Олон улсын чанарын менежментийн ISO9001:2015 болон ахисан түвшний гурав дахь магадлан итгэмжлэлийг авч байсан бол энэ 6 сард “Боловсрол судлал”-ын докторын хөтөлбөрөө Европын холбооны магадлан итгэмжлэлд хамруулж гэрчилгээ авсан гээд амжилт дүүрэн эхлүүлж байна.
"Боловсролын чанарыг зорилгоо болгож багшийн болон оюутны хөгжлийг дэмжин ажиллах нь энэ хичээлийн жилийн онцлог байх болно" хэмээн ректор доктор Н.Энхзаяа хэлсэн юм. ОТИС сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд дэргэдээ Одтой жаалууд хэмээх түшиц цэцэрлэгтэй.
Зургаан жил үйл ажиллагаагаа явуулж буй нийслэлийн тэргүүний тус цэцэрлэг 80 гаруй хүүхэдтэй хичээлийн шинэ жилийн нээлтээ энэ өдөр мөн хийсэн юм. Багш ажилтан ажилчид болон БЗД-ийн хүүхдүүдийг хөгжин төлөвших, авьяас билгээ нээх бүхий л боломжийг олгодог Одтой жаалууд цэцэрлэгээс ирээдүйн оюунлаг иргэд төрөн гарсаар байх болно.