Өнгөрсөн Баасан гаригт тус сургуулийн Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний алба, Сургалтын нэгдсэн албанаас багш, ажилчдын дунд “ИХ СУРГУУЛИЙН ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТ” сэдвээр сургалт явууллаа. Сургалтын нээж ОТИС-ийн захирал Н.Энхзаяа “Олон улсын жишигт нийцсэн хөтөлбөр хэрэгжүүлж, мэдлэгээрээ баялаг бүтээх чадвартай мэргэжилтэн бэлтгэх” зорилтыг хангах үүднээс бид хөтөлбөрийн шинэчлэлээ хийж, сайжруулан ажиллаж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь оюутныг амжилтад хүргэхүйц агуулга болон багшлахуйн стратегиуд баримтлан хэрэгжүүлэх, суралцахуйн хүрэх үр дүнг сайжруулах нь багшийн эрхэм дээд үүрэг юм. Иймээс энэ хичээлийн жилийг хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг ханган ажиллаж, хөтөлбөрийн шинэчлэлийг бүрэн утгаар нь хийж хэрэгжүүлэх” жил болгон зарлаж байгааг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, үнэлгээ хийх, тасралтгүй сайжруулалт хийж ажиллан хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажуулалтыг ханган ажиллахад багш нар, ажил олгогч, мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд, суралцагчид, төгсөгчид болон сонирхогч талуудыг оролцоог бүрэн ханган хамтран ажиллах нь чухал гэдгийг багш нар санал нэгтэй байсан.
Мөн сургалтын хөтөлбөрийн хүрэх үр дүн болон хичээлийн хөтөлбөрийн хүрэх үр дүнд үндэслэн ахисан түвшний оюутнуудын хувь хүний хөгжлийн төлөвлөгөөг өөрсдөөр нь тодорхойлуулан үнэлэх нь тухайн хөтөлбөрийн үнэлгээг илүү бодитой, үр өгөөжтэй болгохоос гадна хөтөлбөрийн ерөнхий зорилтын биелэлтийг дэмжин, улмаар багш, оюутны сурахуйн болон суралцахуйн үр өгөөжийг дээшлүүлэх боломжтой” гэсэн гол санааг дэвшүүллээ.