Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны санхүүжилттэй “Erasmus плас” төслийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудаас анх удаа Европын холбооны 100 хувийн санхүүжилттэй төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль сонгогдлоо. 

Нийт 1,032 төсөл мэдүүлснээс 164 төсөл сонгогдож, санхүүжүүлэхээр сонгосны дотор Отгонтэнгэр их сургуулийн төслийн багийн мэдүүлсэн төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх нь” төсөл шалгарсан аж.

Үүнтэй уялдуулан “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх нь” (MONGWBL) төслийн танилцуулга, нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 2 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд онлайнаар боллоо. Тус төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургуулийн төслтйн баг ажиллаж байна. 

MONGWBL төслийн нээлтийн үйл ажиллагаанд Отгонтэнгэр их сургуулийн төслийн баг, Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин, Герман улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ёорн Розенберг болон Монгол, Герман, Франц, Румын, Грекийн их дээд сургуулийн удирдлага, багш нар оролцлоо. 

 

Уулзалтын үеэр төгсөгчдийн ажил эрхлэлт нь их сургуулийн чанарыг илтгэн харуулдаг чухал шалгуурын нэг бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр их сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолж, Элчин сайдууд бүхий л талаар тусалж дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудал нэн тэргүүний асуудал болж буй өнөөгийн нийгэмд төгсөгч, ажлын байр хоёрыг холбосон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай юм. Эдийн засгийг чадавхжуулахад мэргэшсэн, чадварлаг залуучууд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Тийм ч учраас Европын холбооны туршлагатай сургуулиудтай Монгол улсын их сургууль, байгууллагууд хамтран хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй бэрхшээлийг даван туулж, ажлын байранд суурилсан сургалтын зохих хууль эрх зүйн орчин, суралцагч ажлын байранд дагалдан  суралцах дадлагын уян хатан загварыг боловсруулж, хэрэгжүүлэх шинэ тогтолцоог дээд боловсролын салбарт бий болгож буйгаараа ихээхэн ач холбогдолтой, цаг үеэ олсон болохыг онцлон тэмдэглэлээ.