Хүн төрөлхтөн хурдтай өөрчлөгдөж байгаа техник технологийн эрин үед хувь хүний хөгжил өндөр байхыг шаардаж байна. 

Үүнтэй уялдуулан ажил олгогч нар ихэвчлэн тусгай ур чадвар, зөөлөн ур чадвар бүхий ажлын байранд чадварлаг боловсон хүчнийг  хайдаг. Харин тэдгээр чадварыг яаж эзэмших вэ, зөөлөн ур чадвар гэж юу вэ, тэдгээр нь хатуу ур чадвараас ялгардаг вэ гэсэн асуултанд хариулсан "Суралцагчдын зөөлөн ур чадварыг хөгжүүлэх нь"  шинэхэн бүтээлийг ОТИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, оюутнууд хамтран туурвижээ.

Уг ном нь Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа их дээд сургуулийн төгсөгчдийн зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү бүтээлийг CDC-ийн төслийн хүрээнд гарч байгаа юм. Нийт 8 багц модуль бүхий зөөлөн ур чадварын 16 хичээл, хичээл тус бүрд дасгал ажил, өөрийгөө сорих тестүүдийг багтаасан аж. 

“ Ажил олгогчид зөөлөн ур чадварыг чухалчилж байгаатай холбоотойгоор  энэ талаар судлах хандлага нэмэгдэж байна. Энэ утгаараа зан чанарыг нь ажилд авч, ур чадварыг нь хөгжүүл гэх болсон. Бид ажил олгогчдын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа хувь хүний зөөлөн ур чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар тодорхой зөвлөмж,  жишээгээр энгийн ойлгомжтой тайлбарлахыг  хичээсэн ” гэдгээ төслийн удирдагч С.Эрхэмбаяр онцоллоо.

Хэрвээ та  "Суралцагчдын зөөлөн ур чадварыг хөгжүүлэх нь" номыг сонирхон уншихыг хүсвэл otgontenger.edu.mn сайтны цахим ном хэсгээс унших боломжтой аж.