Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас санаачлан зохион байгуулж буй “Монгол улс дахь хүний эрхийн тулгамдсан зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо.
Хурлыг нээж ОТИС-ийн захирал ,доктор Н.Энхзаяа үг хэлж, хурлыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн тамгын газрын дэд дарга Г.Даваадалай, БМИҮЗ-ийн судалгаа, хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батдулам нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
ОТИС-ийн Хууль зүйн сургууль “Хүний эрх судлал” магистрын хөтөлбөр нээж байгаатай холбогдуулан жил бүр Хүний эрхийн тулгамдсан асуудлын хүрээнд эрдэмтэн судлаачидын асуудал дэвшүүлсэн илтгэлийг хэлэлцүүлж байх зорилгоор энэ жил анхдугаар хурлаа зохион байгуулж байна.
Хүний эрхийн тулгамдсан асуудлын хүрээнд Монгол улсын хүний эрхийн тэргүүлэх судлаачдын төлөөлөл Монгол улсын хуулиудад хийсэн хүний эрхийн үнэлгээ, судалгааны үр дүн, Бизнес ба Хүний эрх, Дээд боловсрол дахь нийгмийн тэгш бус байдал, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, Цар тахлын үеийн гэр бүлийн хүчирхийлэл, Хүний эрхийг хязгаарлахад тавих гол нөхцөл зэрэг сэдвээр тулгамдсан зарим асуудлыг хөндсөн илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Хүний эрхийн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах нь хүний эрх судлалыг хөгжүүлэх, эрдэмтдийн судалгааны үр дүн, бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүний эрх судлаачдын туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж оролцогчид илэрхийлсэн аж.