Отгонтэнгэр их сургуулийн ОУ-н харилцаа хөтөлбөрийн 20 оюутан АНУ-ын Пенсильваны улсын их сургуультай хамтран “Олон улсын нийтийн эрх зүй” хичээлийг тус сургуулийн оюутнуудтай зэрэгцэн үзэн судалж, 3 шатны хамтарсан бие даалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
ОУ-н харилцааны оюутан З.Батжаргал: "Энэ хичээлийн жил олон улсын нийтийн эрх зүй хичээлийн хүрээнд АНУ-н Пенсильваны улсын их сургуультай хамтарсан хичээл үзсэн. Миний хувьд Этан болон Санчари Даз гэдэг 2 америк оюутантай баг болж 3 шатны бие даалтын ажлыг хийсэн. Энэ хичээлийг судалснаараа англи хэлний мэдлэг маань маш сайн сайжирсан, америк найзуудтай болж, өөрийгөө олон талаар нээсэн. Миний хувьд энэхүү хамтарсан хичээл маш сонирхолтой, үр дүнтэй байсан хэмээн үзэж байна. Ийм сайхан боломжийг олгосон багш нартаа маш их баярлалаа" гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Хөтөлбөрийн ерөнхий модератороор Отгонтэнгэр их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Одгэрэл, СЗОУХ тэнхимийн эрхлэгч Г.Золзаяа нар ажилласан бөгөөд Пенсильваны улсын их сургуулийн дэд профессор Лю Си Юү, Отгонтэнгэр их сургуулийн багш Г.Жаргалмаа нар хичээлийг удирдан зохион байгуулж Penn State Global EDGE төслийн анхны хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж дууссан юм.
Энэхүү хамтарсан хичээлийн үр дүнд хоёр орны оюутнууд олон улсын эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлж, багаар ажиллаж, улс орныхоо соёлын онцлогуудыг харилцан солилцсон.
Мөн хичээлийг судлах хугацаанд Пенсильваны улсын их сургуулийн дэд профессор Жон Ванг Отгонтэнгэр их сургуульд хүрэлцэн ирж оюутнуудтай уулзалт хийсэн нь хөтөлбөрийн ач холбогдолыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Цаашид Отгонтэнгэр их сургууль Penn State EDGE хөтөлбөртэй үргэлжлүүлэн хамтран ажиллах аж.