Тайваньд болж буй дэлхийн хүмүүнлэгийн гоо бүсгүй шалгаруулах Global Charity Queen тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Отгонтэнгэр Их сургуулийн оюутан Т.Нацагдулам оролцож байна. Тэрээр аялал жуулчлалын Miss Mongolia төрийн бус байгууллагын тэргүүн, Монголын мисс Б.Гантогоотой хамт явсан бөгөөд тэмцээн энэ сарын 23-наас эхлэн дөрвөн өдөр үргэлжилнэ.
Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээний гол зорилго нь улс орныхоо ёс заншил, үндэсний өв уламжлалыг сурталчлан таниулсанаар аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах юм байна. Нийт тавь гаруй орны гоо бүсгүйчүүд энэ өдрүүдэд дэлхийн хүмүүнлэгийн элч, миссийн титмийн төлөө өрсөлдөж байна. Тэд гоо сайхан, авьяас ур чадвар, мэдлэг оюунаас гадна нийгмийн сайн үйлсэд хэрхэн оролцсон, улс орныхоо өв уламжлалыг хэрхэн таниулж байгаа зэргээрээ өрсөлдсөнөөр Дэлхийн Хүмүүнлэгийн гоо бүсгүй тодорно.
Miss Mongolia төрийн бус байгууллага Монголоос оролцох бүсгүйчүүдийг гурав дахь жилдээ бэлдэн оролцуулж байгаа юм. Энэ удаагийн оролцогч модель Т.Нацагдулам Отгонтэнгэр Их Сургуулийн Агаарын тээврийн үйлчилгээний ангийн оюутан бөгөөд зургаан сарын өмнө шалгаруулалтанд тэнцэн бэлтгэл ажилдаа орсон байна. Тэрээр бүх үзүүлбэрүүдээ Монгол өв соёл уламжлалтай холбосон бөгөөд эх орныхоо байгалийн онгон дагшин байдал, язгуур урлаг, үндэсний хувцас зэргээ илүүтэй харуулахаар үзүүлбэрүүдээ бэлджээ. Мисс модель Т.Нацагдуламдаа эх орныхоо аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, эцэг эх, төрөлх сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн амжилтын богц дүүрэн ирэхийн өлзийтэй ерөөлийг өргөе.