Өнөөдөр Европын холбооны “Erasmus +” хөтөлбөрийн C3QA төслийн ОУ-ын шинжээчид ОТИС дээр ажиллаж эхэллээ. Монгол Улсын боловсролын салбарт анх удаа докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг боловсруулан баталж, тус шалгуураар МУИС, Отгонтэнгэр их сургуулийн докторын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх олон улсын шинжээчид ажиллаж байгаа нь түүхэн ач холбогдолтой бөгөөд МУ-ын их сургуулиуд судалгааны их сургууль болох, Олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрөөр шилдэг судлаачдыг бэлтгэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа юм.
Эхний өдөр шинжээчид тус сургуулийн эрдэмтэн багш нартай уулзсан бөгөөд зочиноор БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцож: “Монголын их дээд сургуулиас анх удаа докторын хөтөлбөрийг ОУ-д магадлан итгэмжлүүлэх гэж байгаа нь түүхэн үйл явдал юм. Танай хамт олны олон жилийн нөр их хичээл зүтгэл бидэнд маш сайхан мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Европын чанарын стандартыг энэ салбарын хөрсөнд буулгаж байгаа нь оюутан залуучуудад маш хэрэгтэй юм” гэж онцоллоо.
ОУ-ын багийг ахалж Армен дахь Боловсролын чанарын баталгаажуулалт хариуцсан үндэсний төвийн дарга доктор профессор RUBEN TOPCHYAN тэргүүтэй долоон шинжээч, Монголын талаас БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Б.Мядагмаа болон Академич, МУБИС-ийн профессор Б.Жадамбаа, ХУИС-ийн багш, доктор, профессор Н.Оюунцэцэг нар ажиллаж байна. Тэд ОТИС-ийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, материаллаг бааз, багшлах боловсон хүчин, оюутнууд, төгсөгчидтэй уулзан ярилцаж өөрийн үнэлгээний тайлан дээр гурав хоног ажиллаад дүнгээ гаргана.