Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон МУИС-ийн Күнзийн институтээс жил бүр зохиодог Их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг олон улсын “Хятад хэлний гүүр” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт 2021 оны 05-р сарын 14-нд “Нэг гэр бүл” сэдэв дор цахимаар болж өндөрлөлөө.
Энэхүү 20 дахь удаагийн тэмцээнийг Хятад, Монголын соёл, боловсролын мэргэжилтнүүд зочин, шүүгчээр ажилласан байна. Оролцогч оюутнууд тэмцээний эхний хэсэгт хятад хэлээр илтгэл тавьж, асуултад хариулж, хоёр дахь хэсэгт урлаг, уран сайхны авьяасаа үзүүлэн бусад их, дээд сургуулийн Хятад хэлний салбарын оюутнуудтай өөрсдийгөө дайчлан эн тэнцүү өрсөлдсөний үр дүнд Отгонтэнгэр Их сургуулийн Хятад хэлний орчуулагчийн 3-р ангийн оюутан Б.Сувд “Хятадын тухай миний сэтгэгдэл” сэдэвт илтгэл, хятад ардын бүжгээр шалгаран 3-р байр, 4-р ангийн оюутан Б.Одончимэг “Хятадын уран бичлэг” сэдэвт илтгэл болон хятад дуу дуулж, тусгай байр эзлэв.
Тус тэмцээн нь тус хэлийг дэлхийд түгээн дэлгэрүүлэх зорилготой Ханбан байгууллагаас санаачлан жил бүр зохион байгуулдаг, томоохон хэмжээний хятад хэлний олон улсын тэмцээн юм.
Сургуулиа төлөөлөн олон улсын тэмцээнд мэдлэг, чадвар, авьяасаараа шалгаран амжилттай оролцсон хоёр оюутандаа анги дэвших болон төгсөх шалгалтад нь улам их амжилт хүсье.