Өнөөдөр Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь төслийн үндэсний хэлэлцүүлэг БШУЯ-нд боллоо.
Төслийн хэлэлцүүлэгт,Европын холбооны төлөөлөгчийн газрын дэд дарга Марко Ферри, Төслийн ерөнхий зохицуулагч Отгонтэнгэр их сургуулийн захирал Н.Энхзаяа, дэд захирал Ж.Золзаяа нар оролцож, ХБНГУ, Франц, Румын, Грекийн их сургуулиудын туршлагаас суралцан Монголд улсын онцлог нөхцөлд тохирсон Ажлын байран суурилсан жишиг сургалтын нэвтрүүлж, төгсөгчдийн ажил мэргэжлийн бодит ур чадварыг олгохоор ажил олгогчидтой хамтран ажиллаж байгаагаараа ихээхэн онцлогтой, үр өгөөжтэй болохыг онцлон тэмдэглэлээ.
Эрасмус плас Дээд боловсролын чадавх бэхжүүлэх төслийн хүрээнд хэрэгжиж буй MONGWBL төсөл нь ажлын байранд суурилсан сургалтаар дамжуулж төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг дээшлүүлэх зорилгоор Их сургууль, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг дэмжих бодлого, аж ахуй нэгж байгууллага их сургуулиудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ажлын байранд суурилсан сургалтыг дээд боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх механизм, арга хэрэгслийг бий болгоход чиглэж байгаа юм.
Энэхүү төслийн Төслийн Европын түншлэгч байгууллагуудаар Герман улсын Эдийн засаг хуулийн сургууль, Грек улсын Македоны их сургууль, Францын Лионы их сургууль, Румын улсын Транселваны их сургууль, Монгол улсын түншлэгч байгууллагуудад Боловсрол, Шинжлэх ухааны яам, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Дорнод их сургууль, Голомт банк, Төрийн банк, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран ажиллаж байна. төслийн хүрээнд Европын холбооны эдгээр улсын их сургуулиудын ажлын байранд суурилсан сургалтын талаар баримтлах бодлого, түүний хувилбар, үр дүн, хэрэгжилт, дагалдан сургалтын арга хэрэгсэл, чанарын баталгаажуулалтын механизм зэргийг судалж, сайн туршлагыг өөрийн оны нөхцөлд тохируулан бий болгохоор зорьж байна.
Уг төслийг үр дүнтэй хэрэгжүүлснээр ажлын байранд суурилсан сургалттай холбогдох үндэсний бодлогын баримт бичгийг боловсруулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүнд нийцүүлэн ажлын байранд суурилсан сургалтын загвар хөтөлбөрийг их дээд сургуулиуд хэрэгжүүлэх, их дээд сургууль болон аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж байгууллага, их сургуулиудын түншлэлийг бэхжүүлэхэд шинэ жишиг тогтоох ихээхэн ач холбогдол бүхий төсөл болно.