Отгонтэнгэр Их Сургуулийн “Гадаад хэл, агаарын тээврийн үйлчилгээний тэнхим”-ээс “ГАДААД ХЭЛ-БОЛОВСРОЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Хурлын үеэр Гадаад хэлний боловсрол олгож байгаа, түүнийг заах орчин үеийн арга зүйн чиг хандлагын өөрчлөлт, хэл шинжлэлийн тулгамдсан асуудал, гадаад хэл суралцаж буй өнөөгийн нөхцөл байдлын талаарх илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Олон улсын хурлыг удирдан чиглүүлэгч Б.Одгэрэлээс хурлын зорилго, онцлогийн талаар тодруулснаа эхлээд хүргэе.
- “Англи хэл-боловсрол” эрдэм шинжилгээний хурал улам өргөжин “Гадаад хэл-Боловсрол” олон улсын хурал болон зохион байгуулагдаж байгаа талаар тодруулж ярилцвал?
- Отгонтэнгэр их сургуулийн Англи хэлний тэнхим дөрвөн жилийн өмнөөс “Англи хэл боловсрол” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж англи хэл заах арга зүйн асуудал, англи хэлний сургалтыг хэрхэн сайжруулах, хэл шинжлэлийн талаас болон сурган хүмүүжүүлэх, заах арга зүйн талаас нь англи хэлний мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг урин хэлэлцэж ирсэн юм. Англи хэл өнөөгийн дээд боловсрол эзэмшигчдийн зайлшгүй эзэмших хэрэглээний чадвар болсон тул англи хэлний сургалтыг урт богино хугацаанд сургах, суралцах олон арга хэлбэр, сургалтууд явагдах болсон нь энэ хурлын хэрэгцээ шаардлагыг урам нэмэгдүүлж байдаг онцлогтой.
Мөн залуу судлаачдын судалгааг ч салбар хурал болгон хэлэлцдэг нь энэ хурлын онцлог юм. Үндэсний хэмжээний энэ хурал жил бүр оролцогчдын илтгэл, нэмэлт болгон судлаачдын бүтээлийг дагалт өгүүллээр оруулан хэвлэж нийтийн хүртээл болгосон нь энэ чиглэлийн эрдэмтэн судлаачдын сонирхон унших, туршлагаа түгээн дэлгэрүүлэх нэг хэлбэр болж байдаг.
Харин энэ жилээс эхлэн энэхүү хурал “Гадаад хэл-боловсрол” гэсэн нэртэйгээр олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Таван орны 10 орчим их сургуулиудын судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцож хуралд олон сонирхолтой судалгааны үр дүн хэлэлцэгдлээ. Өнөөдөр англи хэл төдийгүй монгол хүнд гадаад хэлийг заан сургах асуудал нь зөвхөн багш төвтэй төдийгүй алсын зайн сургалт болтол өргөжиж, гадаад хэл сурах эрмэлзэл ч үүнийг дагаад зөвхөн англи хэлээр хязгаарлагдахгүй болсон. Солонгос хэлийг монгол залуус маш хурдан хугацаанд суралцаж албан ёсны ТОПИК шалгалтын өндөр оноо авч чадаж байна. Солонгос хэл огт судалж байгаагүй ОТИС-ийн Агаарын тээврийн ангийн оюутнууд жил хагасын дотор суралцаад энэ шалгалтын 3-4 оноо авч байгаа бодит үр дүнгээс энэ чадвар харагддаг. Япон, Орос хэлийг ч мөн сонирхон судлах нь нэмэгдэж байна.
Хятад хэлийг суралцах зах зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр энэ хэлийг сонирхон судлагчид зөвхөн залуусаар хязгаарлагдахаа больсон гэх зэргээр гадаад хэл заах арга зүй ихээхэн анхаарал татаж байна. Нэн ялангуяа монгол хүнд гадаад хэлийг соёлын онцлогтой нь хамт эзэмшүүлнэ гэдэг нь тусгайлан судлах ёстой асуудал болж байгааг үндэслэн энэ хурлаа “Гадаад хэл - боловсрол” болгож цар хүрээг нь өргөжүүлээд байна. Цаашид хэл тус бүрээр салбар хуралдаан болгон зохион байгуулна. Энэ удаагийн хурлын эмхэтгэл ч мөн дагалт өгүүллээр баяжигдан хэвлэгдэж нийтийн хүртээл болох болно.
Энэ талаар туршлага солилцсон илтгэгчдийн мэдээллээс товчлон хүргэе.
Махатма Ганди "Та энэ дэлхий ертөнц дээр юу хийж, юуг өөрчлөхийг хүсэж байна түүнийгээ өөрөө хийж эхэл" гэж хэлсэн байдаг. Монгол улсын их дээд сургуулиудын багш нарын хувьд англи хэлний сургалтыг илүү ярианы чадварт суурилан, харилцан ярианд тулгуурлаж, Youtube суваг ашиглан тухайн хэл дээр кино үзэх, англи хэл дээр дуу сонсгон сургалтаа явуулах бүрэн боломжтой. Энэ нь суралцагчдын хувьд сонирхолтой төдийгүй тэднийг тухайн хэлийг сонирхон судлахад томоохон түлхэц болж байдаг.
Цаашид оюутнууд хэл сурахдаа хөгжүүлэх гол чадвар нь ярианы чадвар юм. Тиймээс тухайн хэлний дүрэм болон орчуулгын чадвараас илүүтэй харилцааны чадварыг хөгжүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна. Ангид зааж байгаа сургалтыг бүхэлд нь англи хэл дээр, багаар, хоёр хоёроор болон компьютер дээр суурилан явуулах нь маш ач холбогдолтой. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэж байгаа судалгааны ажлууд, туршлага нь цаашид гадаад хэл сургах хөтөлбөр боловсруулалтад хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Махатма Гандигийн хэлснээр судлаач, багш нар маань Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд оруулах хувь нэмрээ өөрсдөөсөө эхлэн өөрчлөлтийг хийж байгаад туйлын баяртай байна.
Монголын боловсролын байгууллагууд маш сайн бэлтгэгдсэн, суралцаж буй салбарынхаа олон улсын стандартад нийцсэн мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлдэх шаардлагатай байна. Мэргэжлийн англи хэл заах нь ерөнхий англи хэлний хичээл заахаас тэс өөр юм. Мэргэжлийн англи хэлний хичээлээр багш англи хэлний мэдлэг төдийгүй мэргэжлийн салбарт ажиллахад шаардагдах мэдлэг чадвар олгодог. Өөрөөр хэлбэл оюутнууд ажлын байран дээр ашиглагдах англи хэлний чадварыг эзэмшдэг. Тиймээс энэхүү чадварыг эзэмшүүлэхэд тохирох аргуудын нэг буюу “Case study” аргыг сургалтанд ашиглах нь үр дүнгээ өгч байна.
Унших чадварыг сайжруулах тухай сэдэв олны анхаарлыг өөрийн эрхгүй татдаг боллоо. Улаанбаатар дэлхийн том хотуудын тоонд хараахан багтаагүй ч олон улсын сүлжээ кофе шопуудаар дүүрч байна. Эерэг талаас нь харвал ном уншдаг хүмүүсийн очих газар олширч байна гэж ойлгож болно. Уншиж буй түүх сонирхолтой, сэтгэлд нийцэж байгаа бол дуустал нь уншихаар хэдэн цагаар ч хамаагүй сууна. Англи хэлээр ном уншихад толь бичиг, хэрэг болох бусад ном авч явах мэдээж шаардлагагүй. Өөрийн түвшинд тохирсон эсвэл арай доогуур шатны үг хэллэгтэй номоос сонголтоо хийнэ. Хамгийн гол нь тасралтгүй өдөр бүр өөртөө шаардлага тавьж уншина. Уншихыг өдөр бүр хийх зүйлсийн нэг болгож тууштай үргэлжлүүлж буй практик сургалт гэж ойлгож болно.
Унших чадвар дээр суурилсан мэдлэг, мэдээлэл, арга туршлага цаашилбал дадал зуршил, хүмүүжил төлөвшил ч сууж байгааг харуулахыг зорьж олон улсын /Extensive Reading фаундейшн байгууллагын эх сурвалжийг гарын авлага болгон судалж үзэж байна. Хамгийн эхэлж анхаарал татсан үг бол “Сурах чухал ч, уншиж сурах нь бүр илүү чухал” гэсэн өгүүлбэр байлаа. Extensive Reading буюу галиглан орчуулбал экстенсив уншлага нь интенсив уншлагаас ялгаатай. Унших дуртай байж, уншсаныхаа дараа тэмдэглэл хөтөлж, дүгнэлт бичих нь багшийн өгсөн даалгаврын дагуу асуултад номоос хариултыг нь харж бичихээс эрс ялгаатай. Их унших тусам бичгийн чадвар дагаад сайжирна. Уншихын хэрээр олон үг мэддэг, хэрэглэж чаддаг болно. Улмаар чанга уншиж, эсвэл сонсох бичлэгийг дагаж уншсаар англиар төрөлх хэл мэт ярьдаг болно. Унших бүрийдээ ном худалдан авах шаардлагагүй. Ийм учраас л цахим номын санг чухалчлан үзэж байгаа билээ.
Улаанбаатар хотод 2011 онд ерөнхий боловсролын 11 сургуульд солонгос хэл судалж байсан бол 2018 оны байдлаар бага, дунд, ахлах сургуулийг хамруулан нийт 24 сургуульд солонгос хэлийг заавал болон сонгон судлах хичээлээр зааж байна. Суралцагчдын гол зорилго нь төвшин тогтоох шалгалтад тэнцэж, Солонгос улсад суралцах болон ажлын байр горилох зэрэг орж байна. Цаашлаад суралцагч, эцэг эх, багшийн гурван талт хамтын ажиллагаанд тулгуурласан сургалтыг хөгжүүлэх шаардлагатай харагдаж байна. Мөн ЕБС-ын сурагчдын түвшинд тохирсон хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, сурах бичгийг сайжруулах шаардлагатай байна.
Монгол оюутнуудад хятад хэл заахад тулгардаг түгээмэл бэрхшээлийн нэг нь тухайн ангид суралцагчид харилцан адилгүй түвшинтэй байдаг. Тиймээс багш шинэ үг цээжлүүлэх, үгзүйн дасгал ажиллуулах, дүрэм тайлбарлан ойлгуулах үйл ажиллагааг гурван өөр түвшинд ангилан заах шаардлагатай тулгарч байна. Дараа нь тэдгээрийг бусад эх сурвалжаар дамжуулан гүйцэтгүүлж, үгийн утгыг эрэл хайгуул хийлгэн олуулж, ойлгуулдаг. Багш чиглүүлэх, удирдах, заах үүргээс гадна шалгах, хянах үүргийг гүйцэтгэх явцад монгол оюутнууд хэл сурах явцад магтаал, сайшаалын үг сонсохдоо урамшин, суралцах хүсэл сонирхол нь улам нэмэгдэж буйг анзаарсан.
Англи хэлний боловсрол эзэмших асуудал гуравдагч орнуудын хувь сүүлийн 30-40 жилийн хугацаанд эн тэргүүнд тавигдах болсон нь олон нийтийн Англи хэлийг шимтэн сурах гэсэн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээ боловсролын бүхий л түвшинд нэмэгдсэнтэй холбоотой. Үүнээс гадна хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч нар Англи хэлний мэдлэг чадвар ажлын байранд тавигдах үндсэн шалгууруудын нэг болсон.
Англи хэл болон бусад гадаад хэлийг заах нь боловсролын хөгжилд түлхэц өгч буй тодорхой хүчин зүйлсийн нэг болохоос гадна улс хоорондын харилцаа холбоо, судалгаа шинжилгээний ач холбогдолтой бөгөөд түүгээрээ дамжуулан суралцахуй, багшлахуйн үр өгөөжийг нэмэгдүүлж, хэрэгцээт мэдлэг, мэдээлэл олон түмэнд түгээх онцгой үүргийг гүйцэтгэж байна. Иймд Англи хэлээр харилцагч бус орнуудын хувьд хүүхэд төвтэй сургалтын үзэл баримтлалд нийцүүлсэн хэл сурах идэвхтэй аргуудыг хэрэгжүүлэх хэрэгцээ хурцаар яригдаж, тэр дундаа Англи хэлийг сурах, заах тухай онцгой анхаарах болсон.