“Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль” 2019 оны 1 сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Отгонтэнгэр их сургууль 2 сарын 19-ны өдөр ОТИС-ийн “Багшийн хөгжлийн төв”-ийг нээлээ.
ОТИС-ийн “Багшийн хөгжлийн төв” нь 6 чиглэлийн хүрээнд ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломжийг багшид олгох, мөн “Багшийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих зорилготой байгуулагдаж буй юм. Ухаалаг самбар бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тус төв дотоод болон гадаадын боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, заах арга зүйн асуудлаар дагнан нийтийн хүртээл болдог эрдэм шинжилгээний сэтгүүл, гарын авлага бүхий бичил номын сантай.
Тус төвд зөвхөн багш нар төдийгүй багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд, боловсрол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажилд шамдаж байгаа магистрант, докторантуудад зориулсан үйл ажиллагааг өргөжүүлэх, гадаад дотоодын бусад судлаачидтай ч цаашид хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
Нээлтэнд БСШУСЯам болон Дээд боловсролын шинэчлэл төслийн мэргэжилтнүүд, тус сургуулийн багш удирдлагууд, Багшийн хөгжлийн төв байгуулахад дэмжлэг үзүүлсэн ОТИС-ийн төгсөгч Н.Төмөрхүү, С.Адъяасүрэн нар оролцлоо.