Отгонтэнгэр их сургуулийн өнгөрсөн, өдгөө, ирээдүйн тухай
Бидний үүсгэн байгуулсан Отгонтэнгэр Их Сургууль 25 дахь хичээлийн жилийнхээ намартай золгож байна. Сургууль маань анх эрдмийн гараагаа Москва, Бээжингийн Их сургуулийг төгссөн орос, англи, хятад хэлний орчуулагч, эрдэмтэн Р.Гүрбазар, сургалт судалгааны ажлын олон жилийн туршлагатай доктор Д.Чимэг нарын олон ахмад багш судлаачдаар манлайлуулсан профессор багш нарын баг бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байв.
Эхний 10 жилд манай сургууль Эрх зүй, эдийн засаг бизнесийн удирдлага, сэтгүүл зүйн ангиуд нээн сургалт судалгааныхаа ажлын хүрээг өргөтгөн, профессор багш нарынхаа эгнээг ч шинэ хүч, эрдэм ухаанаар тэлж, хөдөлмөрийн гэх нэрээр хуульчид болон иргэдийн дунд алдаршсан эрдэмтэн Л.Баасан, эдийн засагч эрдэмтэн Д.Дорлигсүрэн, иргэний эрх зүйн нэртэй мэргэжилтэн Д.Наранчимэг нарын тухайн салбарынхаа тэргүүлэх мэргэжилтнүүд Отгонтэнгэр Их Сургуульд багшлах болсон юм.
Эдгээр жилүүдэд 2 багш хууль зүйн шинжлэх ухааны доктор (Ж.Амарсанаа, Л.Баасан), 3 багш боловсрол судлал, философи, хууль зүйн ухааны докторын зэрэг (Д.Оюунхорол, Б.Уранцэцэг, Б.Галиндэв) хамгаалж эх орныхоо төлөө мэргэн оюунаа өргөх эрдэмтдийн эгнээнд багтсан нь бидэнд урам зориг өгсөн юм.
Багшлах боловсон хүчнийхээ онол, арга зүйн мэдлэг чадварыг үргэлж хөгжүүлж, сургуулийн материаллаг баазаа өргөтгөж чадсан манай сургууль оюутны зах зээлийн өрсөлдөөнд эзлэх байр, нэр хүндээ ч бас өсгөсөн юм. Мэдээж энэ бүхэн төгсөгчидийн чадварыг ч дээшлүүлж, ажил эрхлэлтийн түвшинг 80 хувьд хүргэсэн. Залуу багш нар маань эрдмийн зэрэг хамгаалахдаа тодорхой нэг асуудлыг дагнан судалж, судалгааны ажлынхаа үр дүнг оюутнууд болон олон нийтэд хүртээхэд онцгой анхааран ажиллаж байна. Сүүлийн 3 жилд манай сургуулийн 8 багш нийгэм-хүмүүнлэгийн ухааны тулгамдсан асуудлаар судалгаа хийж эрдмийн зэрэг хамгааллаа. Тэдний ажлын чанар, хичээл зүтгэл нь бидний бас нэгэн бахархал юм.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ОТИС-ийн эрдэмтэн багш нар нийт 500 гаруй ном сурах бичиг, гарын авлага бичиж нийтийн хүртээл болгожээ.
ОТИС-ийн бүх хөтөлбөрүүд 2013-2015 оны хичээлийн жилүүдэд магадлал итгэмжлүүлсэн бөгөөд, цаашид сургалтын зарим хөтөлбөрүүдээ олон улсын мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлж баталгаажуулах ажил эхлээд байна.
Бид сургалт-судалгааны их сургууль болох хэтийн зорилгодоо алхам алхмаар ойртсоор...
“Сэтгүүлзүйн ангийн оюутнууд сонин, телевиз, радио гээд аль нэг чиглэлийг сонгон мэргэшдэг. Гэхдээ өнөөгийн сэтгүүлзүйн ертөнцөд аль нэг чадвараараа улам л онцгойрохгүй бол тэсэж үлдэхэд бэрх болжээ. Бичдэг сэдэв, бичлэгийн хэв маягаараа бусдаасаа эрс ялгарч байж л сайн сэтгүүлч гэгдэнэ. Тиймээс оюутнууд маань, бүх юмыг чаддаг болохын төлөө биш, аль нэг зүйлдээ төгс болох хэрэгтэй.”
Отис-ийн бахархал. “Шинэ Үндсэн хууль (1992) батлагдсаны дараа дунд боловсролтой хуульчдад дээд боловсрол олгох шаардлага тулгарсан. Хуульзүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбооны хүсэлтээр Отгонтэнгэр их сургууль олон зуун хуульчдад дээд боловсрол олгосон гавьяатай. Отгонтэнгэрийн төгсөгчид УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, өмгөөлөх, шүүх, прокурор, цагдаа, яам, агентлаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн захиргааны орон нутгийн байгууллага, төрийн бус болон бизнесийн байгууллага, их, дээд сургуульд үр бүтээлтэй ажиллаж байна.”
Хуульзүйн сургуулийн давуу тал. “Их сургууль гэдэг нь ерөөсөө л багш, оюутан, ном (номын сан) гурвын нэгдэл юм. ОТИС-ийн Хууль зүйн сургууль баялаг туршлагатай, маш өндөр боловсрол мэргэжил эзэмшсэн сайн багш нартай.”
Залууст хандаж хэлбэл. “Оюутан байхдаа цагтай уралдах, цагийг хожих, цаг баримтлахад сайн анхаарвал сайшаалтай. Сарны тооллоор амьдардгаас ангижирч, нарны тооллоор амьдарч сурах нь чухал шүү. Хүн бүр дээд боловсролтой байх албагүй. Та нэгэнт дээд боловсролтой болох гэж байгаа бол төгсөөд хаана очих, юу хийхээ эртнээс тунгаан бод. Цаг биднийг хэмжихгүй, бид цагийг хэмжинэ. Цагийг үр бүтээлтэй ашиглаж, урагш байнга тэмүүл. Гэхдээ давших төдийгүй ухарч чадах нь хүний гайхамшигт чадвар. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, хөгжилтэй байхад гэмгүй. Гэхдээ эгэл даруу байвал хүсэл шуналаас ангид байна. Даруу байна гэдэг өөрийгөө үнэлж буй хэрэг.”
Эргэлтийн цэг. “1991 оныг хүртэлх хугацаанд Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагааг төрийн өмчийн хэдэн сургууль хариуцан, тэр үеийн тогтолцооны дагуу багш төвтэй, социалист систем, нэг намын үзэл сурталд атгагдан гүйцэтгэж байсан юм. Энэ үед дээд боловсролын салбарын өрсөлдөөн, олон талт менежментийн тухай ямар нэгэн ухагдахуун байсангүй. Харин 1991 онд Отгонтэнгэр тэргүүтэй хувийн их дээд сургуулиуд байгуулагдсанаар хөгжлийн баригдмал энэ орчныг өөрчлөх эхлэл тавигдаж билээ.”
Сахилга баттай сургууль. “ОТИС-д хичээлийн хонх дуугарах, хичээл цагтаа эхлэх, интернэтийн танхим, цайны газар, номын сан зэрэг оюутанд зориулсан үйлчилгээний газрууд товлосон цагтаа ажиллаж эхлэх нь тогтсон зүйл. Хичээлийн байр цэвэр цэмцгэр, гадаа талбай нь ногоон орчинтой зэрэг хэний ч анхаарлыг татахаар. Сандал дээр, хүсвэл зүлгэн дээр суунгаа хөлөө амрааж болно. Ерөөс цэвэр цэмцгэр орчин бол хамт олны хүчин зүтгэлээс ихээхэн хамаардаг. Нэг үгээр, сургуулийн орчин нь л Отгонтэнгэрийнхнийг тодорхойлоод өгчихнө.”
Нэгдмэл зорилго. “ОТИС бол боловсрол, мэдлэгийн ариун сүм бөгөөд оюутан, багш, ажилтан бүгд бусдын гэгээрлийн төлөө зорин ажиллах эрмэлзэлтэй, жил тутамд эл зорилго хангагдаж, дөрвөн жилийн хөдөлмөрийн үр дүнгээ үзсэн ганган залуус энгэрийн тэмдгээ зүүж, аав, ээж ах дүүс, амраг садангуудаа баясгадаг билээ. Диплом гардуулах өдөр шиг сайхан өдөр ховор л байх. Энэ зорилгод хүрэхийн тулд оюутан, багш, ажилтнууд ёс зүйгээ баримтлан нэг л зорилгын дор зүтгэдэг юм.”
“Шантарч болохгүй, хичээл зүтгэлтэй бай, урагш тэмүүл гэх мэт үгс үргэлж хэлэгддэгээсээ болоод үнэ цэнээ алджээ. Угтаа бол гүн утга санаатай, бодууштай үгс юм. Зарим үед, үнэхээр л тухайн зүйлийг хийхэд ямар ч авьяасгүй юм шиг санагдах үе тохиолддог. Үнэндээ авьяастай байна гэдэг нь дуртай ажлаа уйгагүй хийхийг л хэлээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө сайн тодорхойлоод тухайн ажлыг дурлаж хийж чадна гэдгээ мэдэж л байвал хичнээн авьяасгүй мэт санагдсан ч, хийсэн бүхэн чинь болхи бүдүүлэг гэгдсэн ч уйгагүй зүтгээд л байх хэрэгтэй. Тэгвээс нэг л өдөр тухайн ажлаа “төгс” хийдэг болно. Тиймээс олон зүйлд зэрэг биш, дуртай ганц л зүйлдээ төгс болохын төлөө зорих хэрэгтэй. Сайн сэтгүүлч, сайн санхүүч, сайн нягтлан бодогч, сайн судлаач болъё л гэвэл тууштай Эдийн засаг-Бизнесийн удирдлагын сургуулийн тэмцэгч байж сур.”
Ажлын гараагаа багшийн хөдөлмөрөөр эхэлсэн миний амьдрал, ажлын он жилүүд оюутан нас, оюутны амьдралын дурсамжаар дүүрэн. Алдаа гаргадаггүй оюутан гэж ховор.Заримдаа хүсэл тэмүүлэл, зорилгоосоо няцах ч үе тохиолддог.
Зорилгогүйгээр туулж өнгөрүүлсэн цаг хугацаанд үнэлж баршгүй их баялаг урсан оддог. Ийм л үед нь хүнийг үнэлж, өчүүхэн сэтгэлийн дэм, урам хайрлах нь өөрөө хичнээн үнэ цэнэтэй зүйл гэдэг нь хожим харагддаг.
Өнгөрсөн жил сургуулиа төгссөн миний нэг шавь суралцсан хугацаагаа үр дүнгүй талаар өнгөрөөхдөө тулчихаад байсан юм. Энэ мөчид түүнтэй уулзахдаа түүний хятад, англи хэлний чамгүй сайн чадварыг үнэлэн, хичээл зүтгэл гаргавал амжилтанд хүрэх боломж их байгааг, гэхдээ тэрхүү боломжоо одоо л ашиглахгүй бол алдаж ч мэднэ гэдгийг ойлгуулсан. Тэр өдрөөс хойш өнөөх оюутан маань өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй гэдгийг ойлгож хичээл зүтгэл гарган сургуулиа ч сайн төгссөн.
Төгсөлтийн шалгалтан дээр миний хүсэлтээр хятад, англи хэл дээр өөрийгөө танилцуулаад асуултаа торолгүй ярихад шавиараа мөн ч их бахархаж билээ.
Саяхан даа, тэр шавь маань ажилд ороод удаагүй байхдаа дүрэмт хувцсаа өмсчихсөн, эмээтэйгээ цуг над дээр ирсэн юм. Эмээ нь “Та л миний хүүг өөрчилсөн. Манай гэр бүлд баяр баясгалан авчирсан шүү” гээд жигтэйхэн баяр хөөр болчихсон уулзаж билээ.
Нэг үг хүний үнэ цэнийг мэдрүүлнэ. Нэг найдвар амжилт, бахархлыг дагуулах хүчтэй.
“Их сургууль бол боломжоор дүүрэн газар. Гэвч оюутнууд тийм гэдгийг олж хардаггүй. Тэтгэлэг, солилцооны хөтөлбөр, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн, дугуйлан клубууд гээд бүгд л боломж юм. Эдгээр боломжыг алдалгүй шүүрч авсан нь л өөрийгөө нээж, өрсөлдөх чадвартай болдог. Их сургуулиа төгсөөд багш болсныхоо дараа л “багш бол боломж олгогч хүн юм байна” гэдгийг ойлгосон. Оюутан байхдаа үргэлж ямар нэгэн боломжоос хоцордог нэгэн болж төлөвшвөл амьдрал дээр ч, ажил дээр ч, бизнесийн орчинд ч бүх зүйлээс хоцордог хүн болж хувирна гэсэн үг. Тиймээс боломжуудыг чадахынхаа хэрээр шүүрдэг байх хэрэгтэй. Бид од шүүрнэ гэж ярьдаг даа. Тэнгэрт гялалзах тэр од бол боломж юм.”
“1990-ээд оны эхээр боловсролын салбарын шинэчлэлийн асуудал хурцаар тавигдаж байсан тэр үед МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байсан бидний хэсэг багш хуульч мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж, өөрчлөлт шинэчлэлт хийх, эрх зүйн дээд боловсролын хэтийн чиг хандлагын талаар ярьдаг, бичдэг, шүүмжлэлтэй ханддаг байсан юм.
1994-1995 оны хичээлийн жилд хувийн хэвшлийн анхны сургуулийн нэг Отгонтэнгэр дээд сургууль “олон улсын эрх зүйч” мэргэжлийн анги нээсэн бөгөөд мэргэжлийн багш нар шаардлагатай байгаа тухай мэдээд тус сургуулийг зорин очиход захирал залуухан эмэгтэй уриалгахан угтан авч биднийг бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэж билээ. Ингэж л Д.Оюунхорол захиралтай танилцсан бөгөөд өдгөө 20 жил гар нийлэн хамтран ажиллаж байна.
Тус сургуульд анхны тэнхимийн эрхлэгчээс эхлээд дэд захирал, ректороор ажиллахдаа дээд боловсролын байгууллагын анхны аттестатчилал, анхан болон ахисан түвшний магадлан итгэмжлэл, шинэ шинэ мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүд, гадаад, дотоодын олон арван төсөл, бүтцийн өөрчлөлт, тэмдэглэлт ойнууд, бүтээн байгуулалтын асар их ажлын түүхэн гэрч болж, гар бие оролцсондоо туйлын баяртай байдаг. Олон жил удирдах ажил хашиж байсан хүний хувьд “муу хамт олон гэж байдаггүй, муу удирдагч гэж байдаг” гэсэн нэг л үгийг ямагт санаж ирсэн.
Харвардын хөтөлбөр. “Харвардын 30 гаруй оюутан Монголд ирэхэд би зохион байгуулагчаар оролцсон юм. Энэ нь Азийн орнуудаар тойрон аялдаг, очсон улс бүртээ хэлэлцүүлэг өрнүүлдэг, мөн салбар бүрийн нөлөө бүхий хүмүүстэй уулзаж туршлага судалдаг хөтөлбөр юм л даа. Нэг үгээр хэлэлцүүлэг ч гэж нэрлэж болно. Миний хувьд, Харвардын оюутнуудтай нэг баг болж ажилласан.”
Боловсролын үнэ цэнэ. “Филиппин, Тайланд зэрэг Азийн ихэнх орнууд манайхтай л адил маш олон асуудалтай тулгарч байсан юм билээ. Гэхдээ тэдгээр асуудлаа боловсролын салбараа хөгжүүлснээр л даван туулж чадсаныг уулзсан хүн бүр онцолж байв. Аяллын дараа боловсролоор дамжуулан бүх зүйлийг өөрчилж болох юм байна гэдэгт бат итгэх болсон. Хувь хүн өөрийгөө хэр дайчилж чадах, мөн өөрийгөө таньж мэдэхэд боловсролын салбар л асар хүчтэй нөлөөлж чадна.”
Тасралтгүй ахиц дэвшил. “Үргэлж л сургуулийнхаа орчинд юуг, яаж сайжруулах вэ гэж бодож төлөвлөж байдаг. Тэднийгээ хэрэгжүүлж, биелүүлчихээд сууж байхад сэтгэл хангалуун сайхан шүү дээ.” Амжилтын хөшүүрэг. “Миний ажлын гол үүрэг бол сургуулийн тогтвортой үйл ажиллагааг хангаж, Отгонтэнгэр их сургуулийн нийт багш, оюутнуудад сурах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх явдал. Тиймдээ ч энэ сургуульд ажиллаж, сурч боловсорч буй хүн бүрийн амжилт надад урам өгдөг.”
“Хуучин цагт орос хэл шиг чухал эрдэм байсангүй. Харин одоо бол англи хэлний ач холбогдол эрс өсчээ. Би орос хэлийг сургуульд, англи хэлийг бие дааж сурсан хүн. Тийм ч учраас боломж л гарвал багш нартаа орчуулгын даалгавар өгдөг байлаа. Англи хэл огтхон ч гадарлахгүй, мэргэжлийнхээ нэр томьёог самбар дээр зөв бичиж чадахгүй багшид оюутнууд итгэхгүй шүү дээ. Ер нь хэл сурвал сэтгэлгээ хүртэл тэлдэг. Тиймээс заавал тухайн оронд нь очиж хэл сурах биш, зав зайгаа ашиглан үргэлж л суралцаж байх нь чухал. Оюутнууд ч гэсэн хэл сурах үйлсэд шамдан мэрийх хэрэгтэй.”
“Улсын сургуульд л бол ямар ч мэргэжлээр сурсан яах вэ гэсэн төөрөгдөл арван жилийнхний дунд түгээмэл байдаг. Бусад хүмүүс ч бас тэгж зөвлөдөг. Харин би дунд сургуулиа төгсөөд хэд хэдэн их сургууль дээр очиж сургалтын орчинтой нь биечлэн танилцсан. Үнэндээ Отгонтэнгэрийн хувьд улсын сургуулиудаас ер дутах зүйл байгаагүй. Тэр үед би сургууль биш, мэргэжлээ сонгох нь л хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон.”
“Отгонтэнгэр” их сургууль бол хамгийн анхны хувийн их дээд сургуулийн нэг. 1991 онд 3Отгонтэнгэр3 их сургууль элсэлтээ авахад дүү маань анхны хэлний ангид нь орж суралцаж байсан юм. Миний дүү Англи, Япон хэлийг өндөр түвшинд эзэмшсэн. Энэ нь төгсөгчиддөө чанартай боловсрол олгодог гэдгийг бодитоор харсан учраас ойр дотны минь олон ч хүн “Отгонтэнгэр” их сургуульд суралцаж төгссөн дөө.
“Отгонтэнгэр” их сургууль ёс зүйтэй хүн бэлддэг сургууль. Оюутнуудаа өндөр шалгуураар хасах, шигшихээ урьтал болгохоосоо өмнө оюутан бүрийг тэр өндөр шаардлагад тэнцэх мэдлэг чадвар, хандлагатай болгохын төлөө, бүх л талаар дэмжиж ажилладаг. Хэчнээн сайхан залуус эцэг эхийн мөнгөөр их дээд сургуулиудад сурч, эрдэмтэн багш нараар ном заалгачихаад “хулгайч” болоод муу нэртэй газарт орж байгааг хэлэх вэ? Тэгвэл “Отгонтэнгэр” их сургууль ёс зүйтэй хүн бэлддэг сургууль юм. Төлбөрийн нөхцлөө уян хатан байлгаж, спорт, урлагийн авъяастай, хөгжлийн бэрхшээлтэй, санхүүгийн хувьд бага орлоготой гэр бүлийн оюунлаг хүүхдүүдийг дэмжин сургадаг.
“Хэл сурахад нууц гэж байдаггүй. Хэн сайн хичээж, нойрноосоо хумсална, тэр хүний хэлний мэдлэг эрс сайжирдаг. Хятад хэл сурч байгаа хүүхдүүдийн дунд Хятадад сурвал сайн гэсэн том төөрөгдөл байдаг. Үнэндээ тийм биш юм. Монголд ч гэсэн хятад хэлийг сайн сурч болно. Хамгийн гол нь хичээл дээр багштайгаа хятадаар ярих, гэртээ хятадаар зурагтын нэвтрүүлэг үзэх зэргээр орчноо зөв бүрдүүлэх нь чухал. Отгонтэнгэрийн оюутнууд дунд Хятадад дөрвөн жил сурсан хүүхдүүдээс илүү цэвэрхэн ярьж буй тохиолдол олон байдаг.“
Грекийн тэмцээн. “Мэтгэлцээн Грект үүссэн түүхтэй. Тийм ч учраас энэ жилийн тэмцээн “Мэтгэлцээн гэртээ ирлээ” уриан дор зохиогдсон. Харин манайд мэтгэлцээн 1999 оноос хойш дэлгэрсэн боловч нэг ч удаа энэ тэмцээнд оролцож байгаагүй. Энэ бол 400 гаруй их сургуулиуд оролцдог нүсэр тэмцээн л дээ. Тэдний дунд Харвард, Оксфордын оюутнууд ч бий. Тэмцээнд 7 сарын турш, маш эрчимтэй бэлдсэн. Ялангуяа англи хэлний мэдлэгээ эрчимтэй сайжруулсан. Ер нь тэмцээнд оролцоод ирэхэд ур чадвар, мэдлэгийн хувьд монгол оюутнууд ер дутахгүй гэдэг нь харагдсан.”
Мэтгэлцээнийг дэлгэрүүлэхүй. “Эргэж ирснээс хойш ганцхан том зорилго өмнөө тавьсан нь “Дэлхийн аваргыг төрүүлэх”, “Мэтгэлцээний үндэсний их сургууль“ болох явдал юм. Үүнийг сургуулийн зүгээс ч их дэмжсэн. Ингээд Ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд дээр Мэтгэлцээн хөгжил гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол оюутнуудын хамгийн гол сул тал бол хэлний мэдлэг. Сайн мэтгэлцдэг нь хэлгүй, хэлтэй нь мэтгэлцдэггүй тул богино хугацаандаа бол хэлтэй хүмүүст мэтгэлцэж сургах, урт хугацаандаа бол сайн мэтгэлцдэг хүүхдүүдэд давхар хэлний мэдлэг олгоно гэсэн зорилттой байна.”
“Би багаасаа л жудо барилдсан. Бас аав маань улсын харцага цолтой бөх хүн. Оюутан болоод сагс тоглож эхлэхэд аав тийм ч дуртай байгаагүй. Аргагүй л дээ, бөх хүүгээ сагсчин болчихно гэж хэн санах билээ. Нэг удаа тэмцээнийг минь үзчихээд аав “Тамирчин хүн хэчнээн ядарсан ч нурмайх ёсгүй. Бөх ч бай, сагс ч бай ялгаагүй, шийдэмгий, цуцашгүй байх хэрэгтэй” хэмээн сагс тоглохыг минь битүүхэндээ зөвшөөрсөн шинжтэй хэлж билээ. Тэр үгийг одоо болтол би мартдаггүй юм. Тэр жилдээ манай баг Спрайт Б лигийн аварга болсон юм даг. Залж ч чаддаггүй, зүглүүлээд шидэхээс хэтрэхгүй жудоч хүүд сагсанбөмбөгийн тухай бүгдийг эхнээс нь зааж сургасан хүмүүс бол мэдээж манай багийнхан юм.”
“Сургуулийн маань сагсны шигшээ их алдартай л даа. Харин хөлбөмбөгчдийн нэр хүнд тун маруухан талдаа. Яг л ийм үед бид багаа бүрдүүлсэн юм. Ер нь оюутнууд өөрсдийгөө хэзээ ч дутуу үнэлж болохгүй юм билээ. Дутуу үнэлснээс л олон боломжоос хоцордог юм шиг санагдсан. Бас аливаад тууштай, идэвх зүтгэлтэй хандахын чухлыг ойлгосон. Дуулиан тэмцээний дараа хагас шигшээд шалгарсан багийн оюутнууд Дэлхийн зөнгөөс зохион байгуулсан “Залуучуудын оролцоо ба эрүүл мэнд” гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэгт оролцсон юм. Оюутнуудын ихэнх нь хойрго хандсан боловч би уулзалт бүрийг тасалдаггүй байлаа. Ингээд хэлэлцүүлгийн дараа нэг л мэдэхэд Бразил явах оюутнуудын тоонд багтчихаж билээ. Бүр монгол оюутнуудаа ахалж явсан шүү. Бразилын далайн эргийн нарлаг хотод олон орны залуучуудтай дэлхий нийтийн тулгамдаж буй асуудлаар хэлэлцсэн нь аливаад тууштай хандсаны минь бас нэгэн том шагнал гэж би боддог.”
“Боловсролтой хүн гэж төлөвшсөн хүнийг л хэлдэг. Төгссөний дараа харилцааны энгийн чадварууд л хамгийн гол давуу тал болдог юм билээ. Наад зах нь, цагийн юмыг цагт нь хийхээс л эхэлнэ. Дадлага хийхдээ хүртэл кофе зөөдгийг нь бүү сонго. Оволзсон, ажил ихтэй компанид ажиглаж сурах уу, аль эсвэл сайн удирдагчийг дагаад шинэ зүйл туршиж үзэх үү гэдгээ нухацтай бодож тунгаах нь чухал.”
“Хэл сайн суръя гэвэл өдөр бүр алгасахгүй давтах нь л чухал. Би сурагч байхаасаа л өдөр бүр 4-5 нүүр ханз бичиж, багш нартайгаа аль болох хятадаар ярьж, завтай үедээ хятад дуу сонсож хэвшсэн. Бас ном унших нь их үр дүнтэй арга. Хажуугаар нь, бага ангийн сурагчдад хичээл заасан нь хэлэндээ улам сайжрахад нөлөөлсөн. Ер нь заавал гадагш явалгүй, Монголдоо гадаад хэлийг сайн сурах бүрэн боломжтой. Хэл сурахад хамгийн чухал зүйл бол хичээл зүтгэл юм.”
Англи хэлээ сайжруулсан минь. “Англи хэлний сонгоны ангийг төгсөөгүй л бол ихэнх сурагчид англи хэлэндээ тааруухан байдаг. Би тэдний нэг л дээ. Дүрмээ мэддэг ч ярьж чаддаггүй, өгүүлбэрээ сонссон ч ойлгож чаддаггүй байв. Ингээд Отгонтэнгэр ИС-д элсэн ормогцоо хэл сурч байсан өмнөх арга барилаа эрс өөрчлөхөөр шийдсэн. Хэл сурна гэдэг жаахан хүүхэд хэлд орохтой адилхан юм билээ. Бид дүрэм заалгаж ярьж сурдаггүй шүү дээ. Нэг үгээр, хэтэрхий их бодох нь хэл сурахад садаа болоод байсныг ойлгосон. Тиймээс би англи хэл дээр кино үзэж, мөн алдартай илтгэлүүдийг сонсдог болов. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, гадаад үгийг нэг нэгээр нь биш, өгүүлбэрт орсноор нь цээжилбэл илүү үр дүнтэй санагдсан.”
Солилцооны хөтөлбөрт тэнцсэн минь. “Тайвань явахын тулд англи юм уу хятад хэлэндээ сайн байх ёстой. Нэгдүгээр курсээсээ эхлэн англи хэлээ сайжруулсан тул солилцооны хөтөлбөрт огт асуудалгүй тэнцсэн. Тэр жил хоёр оюутан, нэг багш явсан л даа. Очоод хэлний мэдлэг минь улам сайжирсан. Чих онгойно гэж ярьдаг даа, яг л тийм юм болсон. Олон орны оюутнууд солилцоогоор ирж суралцдаг болохоор бүгдтэй нь англиар ярих шаардлага гардаг. Тэнд би Дэвид гэдэг америк найзтай болсон. Тэр сагс тоглохдоо муу, харин би сайн. Тиймээс түүнд сагс тоглохыг зааж өгдөг байв. Мэдээж тэр надад англиар хэрхэн сайн ярихыг заасан.”
Өрсөлдөөнийг мэдэрсэн минь. “Монгол гуравхан сая хүн амтай учраас өрсөлдөөн бага юм шиг санагддаг. Тайвань гэхэд 23 сая хүнтэй. Дээрээс нь жижигхэн газар нутагтай учраас оюутнуудынх нь өрсөлдөөн маш их. Миний үеийн ази оюутнууд бүхий л зүйл дээр мэрийж хичээж байгааг хараад хор шар хөдөлсөн шүү. Тиймээс энд ирээд улам их хичээх болсон. Англи хэлээ ч сайжруулсан. Ер нь оюутан байх хугацаандаа аяллаар ч юм уу, солилцооны хөтөлбөрт хамрагдаад гадаад ертөнцөд үеийнхэн чинь хэрхэн өрсөлддөгийг нүдээр үзчих хэрэгтэй юм билээ.”
Сэтгүүлзүйн төлөв. “Хэдэн жилийн өмнө, телевиз, сонин хоёр мэдээлэл өгдөг гол хэрэгсэл байлаа. Одоо бол хүн бүр мэдээлэгч болжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн сэтгүүлчдийн гарт байсан хүч чадал одоо хүн бүрт байна гэсэн үг. Тэгэхээр орчин үеийн сэтгүүлчдийн бусдаас ялгарах гол онцлог мультмедиа чадвар болчихоод байна. Сэтгүүлзүйн хэрэглэгчид технологийн хөгжлөөс үүдээд, маш хурдтай, цаг хугацааг хэмнэсэн, нэг юман дээр удаан тогтохыг хүсдэггүй болчихож. Тиймээс хэрэглэгчдийн хурдыг гүйцэхийн тулд сэтгүүлч өөрөө хурдтай байх ёстой. Харин сэтгүүлчийн хурдыг мультмедиа чадвар л нөхнө. Олон хэрэгсэлтэй харьцаж, тэдгээрийг ашиглаж сурах нь мультмедиа чадварын эхлэл юм шүү дээ.”
Оюутнуудад хандаж хэлбэл. “Хэрэв хүсэх л юм бол, хүн бүр сошиал ертөнцийг хувийнхаа “мэдээллийн хэрэгсэл” болгон ашиглах боломжтой. Тиймээс нэгдүгээр курсийн оюутнууд фэйсбүүкээ идэвхтэй хөтлөхөөс сэтгүүлч болох гараагаа эхэлмээр байгаа юм. Зүгээр нэг зураг постлох төдий бус, оронд нь өөрийгөө сэтгүүлч гэж үзээд, фэйсбүүк дээрээ жижиг сурвалжлага, мэдээ бичээд хэвшчихвэл дөрвөн жилийн дараа гэхэд дадлага туршлагатай сэтгүүлч болчихно шүү дээ. Заавал ажил дээр гарсныхаа дараа, сэтгүүлчээр ажиллах гэж хүлээх хэрэггүй юм. Товчхондоо, сурахын хажуугаар өөрийгөө сэтгүүлзүйд бэлдэх талбар бол сошиал ертөнц юм шүү.”
Оюутны холбоо. “Оюутны холбоонд ажиллана гэдэг амар зүйл биш. Хурал хэдэн цагаар ч үргэлжилж мэднэ. Хичээлийн хажуугаар үйл ажиллагаандаа оролцоно гээд л хувь хүнээс их зүйл шаарддаг. Гэсэн ч би бүх зүйлийг сэтгэлээсээ хийж, түүнээсээ урам зориг, эрч хүч авдаг байлаа. Нэг үйл ажиллагаагаа амжилттай дуусгаад санаа амрах биш дараа нь ямар ажил зохион байгуулах вэ гэж боддог байж билээ. Тиймдээ ч би холбоо зөвлөлийнхөө гишүүдэд өндөр шаардлага тавьдаг байв. Миний бодлоор удирдагч хүн дээрээс даалгавар өгөх биш, өөрөө хамтдаа дунд нь орж идэвхжүүлэн ажиллаж байж жинхэнэ удирдагч болно гэж боддог.”
Захих үг. “Америкт сурахад өрсөлдөөнийг өдөр бүр мэдэрдэг. Яагаад гэвэл хэдэн сая хүнтэй ийм том улсад хэн илүү сэргэлэн авхаалжтай, ухаантай байна, түүнд л боломж илүү нээгдэнэ гэсэн үг. Тиймээс чамтай яг адилхан хэдэн мянган оюутан байгааг санан өөрийгөө хурцалж, томоор сэтгэх хэрэгтэй. Надад монгол оюутнууд бага зэрэг урсгалаараа юм шиг санагдаад байдаг. Тэрнээс биш мэдлэг оюунаараа аль ч улсын оюутнуудаас илүү шүү.”
“Эхлээд би оюутнуудаасаа их сургуулийн оюутан болсноор чиний амьдралд юу өөрчлөгдөх вэ гэж асуугаад эсээ бичүүлдэг байв. Гэтэл хариултууд нь нэг л болж өгдөггүй, дэндүү дэврүүн үгстэй. Дараа нь аргаа бага зэрэг өөрчлөхөөр шийдэж, хэрэв чамд долоохон хоногийн нас үлдсэн бол чи юу хийх байсан бэ гэж асуултаа өөрчиллөө. Тэгсэн оногдсон цөөхөн минутандаа оюутнууд маань маш их зүйлийг эргэцүүлэн бодож байгаа нь ажиглагдав. Бүр бүх айдсаа уудалж бичдэг. Өнөөг хүртэл хэчнээн бага зүйлийг хийж бүтээснээ ухаарч ойлгодог. Тэгмэгц нь, “Бурхан чамайг өршөөчихлөө, харин одоо чи юу хийх вэ?” гэж үргэлжлүүлээд асуухад оюутнууд маань өөрийнхөө ирээдүйг нухацтайгаар, үнэн сэтгэлээсээ тунгаан боддог. Ердөө хоёрхон асуултын хооронд оюутнууд маань өөрчлөгдөж сурч хөгжих, мэргэжил эзэмших цаг хугацаагаа юунд, хэрхэн зориулахаа өөрөөр харж эхэлдэг. Сонирхуулахад, тэр эсээнүүд одоо ч надад бий. Тэд өнөөдөр улс орондоо өөр өөрийн байр суурийг эзэлсэн том том мэргэжилтнүүд болсон. Олон жилийн дараа өөрийнхөө юу бичиж байснаа үзэх боломж оюутнуудад маань өнөөдөр ч гэсэн бий шүү.”