Казах ард түмний үндэсний баярын өдрийг угтан ОТИС-ийн казак түмний төлөөлөл болсон оюутнууд өнөөдөр баяраа тэмдэглэлээ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу оюутан залуус өөрсдийн соёл уламжлал, тоглоом наадгайн талаар сургуулийн удирдлага багш нарт танилцуулж, домборын аялгуут эгшгийг уянгуулан хүндэтгэл үзүүлсэн юм.
Түүнчлэн өөрсдийн гараар урласан бүтээлүүдээ сонирхуулсан юм.


Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос эхлэн Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Туркменмистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Наурызыг Олон улсын баяр болгон баталсан. Мөн ЮНЕСКО-гоос Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн билээ.