Отгонтэнгэр Их Сургуулийн “Сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлалын тэнхим”-ээс “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг үндэсний хэмжээнд зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Тус хурал нь хүүхэд хөгжлийн чиглэлээр тулгамдсан асуудал, өнөөгийн төлөв, цаашдын чиг хандлагуудыг хөндөж, эрдэмтэн судлаачдын энэ чиглэлийн судалгаа шинжилгээний үр дүн, байр суурийг сонсож, түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг. Өмнөх жилүүдэд уг хурлыг олон улсын түвшинд мөн Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн багш нарын дунд зохион байгуулж хүүхдийн хөгжлийн талаарх тодорхой асуудлуудыг олон талаас нь судлан авч үзэхийг зорьсон. Сүүлийн хоёр удаагийн хурал нь эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Хуралд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газар, Юнисефийн Хүүхдийн сан, Боловсролын хүрээлэн, ОТИС, МУИС, МУБИС, зэрэг сургалт, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүллээ.

Өнөөгийн хүүхдийг хүмүүжүүлэхэд тулгамдсан асуудлууд, сурган хүмүүжүүлэх уламжлалт болон орчин үеийн шинэлэг хандлага, технологиудын талаарх туршилт судалгааны ажлууд танилцуулагдлаа. Хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг Монгол Улсын тухайд нэн чухал асуудлыг хөнддөг үндэсний хэмжээний энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг оролцсон эрдэмтэн судлаачид өндөр ач холбогдолтой болсныг тэмдэглэсэн бөгөөд доктор (Sc.D), профессор Т.Намжил ОТИС-ийг түшиглэн “Хүүхэд судлалын хүрээлэн” байгуулах, энэ үйлсэд байгууллага бүрийн багш, судлаач эрдэмтэд хамтран оролцож, судалгаа шинжилгээ хийн, үр дүнг хэлэлцэж байх санал гаргав. Хуралд оролцогсод саналыг дэмжин хүлээж авлаа.