Европын холбооны Эрасмус плас төслийн хүрээнд хэрэгжиж буй C3QA буюу докторын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэсэн оновчтой чанарын баталгаажуулалтын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх зорилго бүхий төслийн багийн хаалтын уулзалт Армен улсын Ереван хотод 9 сарын 26-27-ны өдрүүдэд боллоо.

Хэлэлцүүлгээр төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлсэн Монгол улс, Испани, Франц, Армен, Украйн, Польш, Казахстан улсуудын Боловсролын яам, Магадлан итгэмжлэлийн байгууллага, их дээд сургуулиуд нийт гэсэн 21 байгууллага оролцож, төслийн үр дүн, хэтийн төлөв, оролцож буй их сургуулиудын төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, Докторын хөтөлбөрийн стандартын талаар хэлэлцүүлсэн юм.

 Хурлын үеэр БСШУСЯ төслийн хүрээнд боловсруулсан бодлогын барим бичиг “Докторын сургалт эрхлэх нийтлэг журам”, “Докторын хамгаалуулах зөвлөлийн дүрэм”, БМИҮЗ нь “Докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур стандарт”-ийг европын холбооны улсын ESG-ийн зарчмууд /European Standards & Guidelines for Quality Assurance-2015/, Зальцбургийн зарчимд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар тайлангаа хэлэлцүүлж, МУИС, Отгонтэнгэр их сургуулиуд докторын хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажуулалтыг ханган ажилласан төслийн үр дүнгийн талаар танилцуулав.

Төслийн үр дүнд докторын сургалтын талаарх эрх зүйн орчин сайжирч, докторын хөтөлбөрийн шалгуур стандарт батлагдан төсөлд хамрагдаж буй их сургуулиудын докторын сонгогдсон хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдлээ. Төсөлд хамтран оролцож буй МУ-ын баг төслийн үр дүнгийн талаарх хэлэлцүүлэг хийх, төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 10 сарын 3-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна.