ОТИС-ийн хурлын зааланд энэ сарын 18-нд Европын холбооны “Эрасмус плас” төслийн хүрээнд C3QA төслийг хэрэгжилт үйл явцын тухай “Докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг докторын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа их сургуулиудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан нээж, төслийн хүрээнд европын стандартад нийцүүлж сайжруулан боловсруулсан “Докторын сургалтын нийтлэг журам",“Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн журам”-ыг оролцогчдод танилцуулж, хэлэлцүүллээ. Түүнчлэн БМИҮЗ-ийн Ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг “Докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага”-ыг танилцуулж хөндлөнгийн үнэлгээний шинжээчийн удирдамжийг оролцогчдод танилцуулсан юм.
Тус хэлэлцүүлгийн анхаарал татсан чухал хэсэг нь МУИС болон ОТИС-ийн докторын хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтын туршлагыг танилцуулсан явдал байв. ОТИС-ийн хувьд төслийн хүрээнд европын холбооны стандартад дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог нийцүүлсэн бөгөөд боловсролын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн анхны хувийн хэвшлийн их сургууль юм. Төслийн үр дүнд ОТИС “Боловсрол судлал” докторын хөтөлбөрийг 2019 оны 05 сарын 02,03 өдрүүдэд олон улсад магадлан итгэмжлүүлэхээр өөрийн үнэлгээний баг байгуулан ажиллаж байна.
Тус хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинжээчдээр Испани, Армени, Украйн зэрэг улс орнуудын боловсролын 8 эксперт ажиллах бөгөөд БМИҮЗ-өөс албан ёсоор томилогдсон үндэсний 2 шинжээч ажиллах юм.