Үндэсний хэмжээний "Нүүдэлчдийн ахуй соёл-Эко соёл" эрдэм шинжилгээний хурал өнөөдөр нүүдэлчдийн монгол орчинг бүрдүүлсэн эрдмийн өргөөнд амжилттай болж өнгөрлөө.

Хуралд Монгол улсын их сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбар,  Отгонтэнгэр Их Сургууль, Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Мандах Их Сургууль, Дорнод Их Сургууль, Ач Анагаах Ухааны Их Сургууль, Сити Их Сургууль, Нийслэлийн Ерөнхий боловсролын 79-р сургууль зэрэг нийт 12 байгууллагын 33 илтгэл, үүнээс: багш, судлаачдын 19, оюутнуудын 14 илтгэл ирсэн байна.

Хурлын үндсэн илтгэгчээр Отгонтэнгэр Их Сургуулийн багш доктор /Ph.D/ С. Одхүү, илтгэгчээр гэр бүл судлаач, сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны доктор /Sc.D/ Т.Намжил, СЭЗИС-ийн багш доктор /Ph.D/  Д.Цогзолсүрэн, Отгонтэнгэр Их Сургуулийн багш доктор /Ph.D/, дэд профессор Г.Жаргалсайхан, ХААИС-ын магистрант Б.Сангад  нарын илтгэлүүд өнөөгийн монгол ахуй, өв уламжлал, соёл иргэншилд тулгамдаж буй асуудлыг хөндөн гаргасан илтгэлүүд байлаа. Оюутнуудын илтгэлд тогтвортой хөгжлийг хангахад монгол ахуй хэрхэн нөлөөлөх болон байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах боломжийг судалсан судалгааны илтгэлүүд хэлэлцүүлэгдлээ.

Хурлын II шатанд шалгарсан судлаачдын 9, оюутны 7 илтгэлийг амжилттай хэлэлцүүлж, мэргэжилтэн судлаачдын дунд тулгамдаж буй асуудал, ахуй соёлоо өвлөн үлдээх арга зам, боломжийн талаар хэлэлцүүлэг өрнөлөө. Судлаачид, оюутнуудад өргөмжлөл, мөнгөн шагнал, хурлын эмхэтгэлээр урамшууллаа.