Өнгөрөгч саруудад Нээлттэй Нийгэм Форумаас “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хараат бус судалгаа, мониторинг хийх” судалгааны баг шалгаруулахаар эрх зүйч, хуульч, судлаачдын дунд зарласан билээ. Судалгааны төслийн шалгаруулалтад ОТИС-ын Хууль Зүйн сургуулийн багш нарын 2 баг шалгарсан байна.Багш М.Сувд, Д.Эрдэнэчимэг, М.Ариунаа нар “Арбитрын шийдвэртэй холбоотой Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээ, практик, туслгамдсан асуудал” сэдвийн хүрээнд Арбитрын үндсэн шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолд хууль зүйн дүн шинжилгээ хийж, үндэсний ба олон улсын эрх зүйн зохицуулалт гадаадын зарим орны практикийг судлан дүгнэж, санал боловсруулан зөвлөмж гаргах аж.Харин Багш Б.Энхбаяр, Б.Досжан нар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нь” сэдвийн хүрээнд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлыг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг судлан, Монгол Улсын болон гадаадын зарим орны хууль, эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийж, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэхэд хуулийн зохицуулалт тодорхой, ойлгомжтой эсэхэд дүгнэлт өгөх юм. Нээлттэй нийгэм форумаас судалгааны үр дүнг олон нийтэд зориулж ном, гарын авлага болгож хэвлэх аж.