Миний хувьд Испани улсын Малага их сургуульд Эрасмус КА1 оюутан солилцооны хөтөлбөрөөр ирээд байгаа маань шинэ, содон, сонирхолтой туршлага болж байна. Мөн энэ боломжийг олгож, өөр орчинд суралцахад минь тулгуур болсон Отгонтэнгэр их сургуульдаа маш их талархаж байна. Үнэнийг хэлэхэд анх ирэхдээ нэлээд санаа зовж байлаа. Таних хүнгүй, шинэ улс, шинэ орчин гээд бага зэрэг айдастай ирсэн. Харин энд ирээд амьдраад эхлэхэд тэр айдас маань хормын дотор л арилсан. Одоо бол яг л гэртээ байгаа юм шиг үнэхээр сайхан санагдаж байгаа. Малага хотын хүмүүс найрсаг, эелдэг, халуун дулаан санагдсан. Ялангуяа их сургуулийн оюутнууд адилхан гэрээсээ хол байгаа учраас ч тэр үү үндэс угсаа харгалзахгүй нэг нэгэндээ тус дэм үзүүлж, дэмждэг нь надад маш их урам зориг хайрласан. "Малагагийн их сургууль"-д олон улсын оюутнуудаа дэмжиж ажиллах нэгэн сонирхолтой програм байдаг. Энэ нь семестрийн туршид гадаад оюутанд тусалж, зөвлөх орон нутгийн оюутныг холбох хөтөлбөр. Тухайн оюутан нь хотод дасан зохицох, сургуулийн орчинтой танилцах, өдөр тутмын асуудлуудаа хэрхэн шийдэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ. Хамгийн гоё зүйл нь их сургуулийн зүгээс эхлээд чиний сонирхол, хобби, зан чанарын талаар асууж, түүнд тохирох оюутантай холбодог нь маш их таалагдсан. Одоогоор би испани хэлийг илүү эрчимтэйгээр сурч байгаа бөгөөд цаашид олон олон сурлагын амжилтуудыг гаргахыг хичээнэ