Дэлхий даяаршиж хүн бүр ухаалаг хэрэглээнд нэгдсэн энэ цаг үед гэр бүлийн харилцаа тэр дундаа хүүхэд залуусын хөгжил төлөвшилтэй холбоотой олон сөрөг мэдээлэл гарсаар байна. Хүүхдийн хүмүүжил, хандлага харилцаанд хамгийн чухал нөлөөтэй хүмүүс бол эцэг, эх, багш сурган хүмүүжиүүлэгчид. Тиймээс ч Отгонтэнгэр Их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимээс жил бүр “Хүүхдийн хөгжил, төлөвшил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хурал үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтанууд оролцсон өргөн цар хүрээтэй болсоноороо онцлог байлаа.
Судлаачид “Өсвөр насныханд зориулсан онлайн сэтгэл зүйн зөвлөгөө, түүний хэрэгцээ шаардлага”, “Оюутны мэргэжил сонголтонд нөлөөлж буй сэтгэл зүйн хүчин зүйлсийн судалгаа”, “Хүүхдийн хүмүүжилд нийгмийн орчин нөлөөлөх нь” гэх мэт өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэр дундаа ОТИС-ийн зөвлөх, МУ-ын гавъяат багш, доктор профессор Л.Жамцын “Сургалт боловсролын шинэчлэлийн эерэг хандлага”, судлаач доктор профессор Т.Намжилын “Төрөлх Монгол зан-Өнөө үе”, доктор Д.Сүрэнчимэг, П.Бямбасүүрэн нарын “Хүүхдийг сурган хүмүүжүүлэх төлөвшүүлэх онцлог” гэх мэт олон илтгэл судлаачидын сонирхолыг татаж байлаа. Энэхүү хурлын илтгэлүүд эмхтгэл болон хэвлэгдэх бөгөөд сонирхсон хүн бүр үүнээс унших боломжтой болох юм байна.