Отгонтэнгэр их сургууль нь Европын холбооны институциуд, бодлого үйл ажиллагааны тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, чадваржуулах “Европын холбооны институцын хүрээ” сургалтыг зохион байгуулж байна. Европын холбоо нь дэлхийн геополитикийн чухал тоглогч бөгөөд 27 улсыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг хамтын нэгдэл болохын зэрэгцээ ОУ-ын харилцааны өвөрмөц тогтолцоо юм.
Монгол улсын гадаад бодлогын чухал түнш болсон Европын холбооны үүсэл хөгжил, эрх зүйн тогтолцоо, бодлого үйл ажиллагаа, институциудын тухай нэгдсэн мэдлэг ойлголтыг энэ чиглэлийн багш судлаачид, олон улсын харилцааны болон эрх зүйн мэргэжилтнүүд, суралцагчдад олгох зорилготой энэхүү сургалт нь Европын холбооны санхүүжилттэй Жан Моннет Модуль хөтөлбөрийн хүрээнд дэмжигдсэн “EUIF” төслийн багаас зохион байгуулагдаж буй юм.
Тус чадваржуулах сургалтыг Отгонтэнгэр их сургуулийн Европ судлалын профессорын баг болон төслийн баг, Европын холбооны судлаач багш нар чиглүүлэн, дотоод гадаадын эрдэмтэн судлаачид хичээл зааж байна.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол улсад Европын холбоо судлалын суурийг тавьсан Хүндэт дипломатч, Шинжлэх ухааны Доктор, профессор Г.Төмөрчулуун, Румын улсын Трансилванийн их сургуулийн профессор Николас Маринеску, Европын комиссын жендэрийн тэгш байдлын асуудал хариуцсан орлогч дарга Катя Лензинг нар сургагч багшаар оролцож буйгаараа онцлог аж.