Зориг Сангийн Залуу Манлайлал хөтөлбөрийн “Буруу Үгүй” төсөл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой Хөгжлийн Зорилгууд болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын Хараа 2050-д уялдуулан их, дээд сургуулийн оюутны сургалтын орчин нөхцөлд хүүхэд, гэр бүлд ээлтэй бодлогыг нутагшуулан, хэрэгжүүлэх санаачилгыг гарган ажиллаж байгаа ба манай сургуулиас тус санаачилгыг дэмжиж, хамтын ажиллагааг эхлүүллээ.
Тус хамтын ажиллагааны хүрээнд “Буруу Үгүй” төслийн баг нь Отгонтэнгэр Их Сургуультай Гэр бүлд ээлтэй бодлогуудыг оюутны сургалтын журамд тусгаж, хэрэгжүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжих шинэчилсэн сургалтын журамд жирэмсэн, амаржсан, бага насны хүүхдээ асарч байгаа оюутанд чиглэсэн хүүхэд, гэр бүлд ээлтэй зохицуулалтуудыг тусгаж өгөхөөр боллоо. Энэхүү зохицуулалтууд нь жирэмсэн, амаржсан, бага насны хүүхдээ асарч байгаа оюутнуудын хичээл судлах үйл явцыг уян хатан байлгах үүднээс чөлөө авах, нөхөн шалгалт өгөх, цахимаар хичээл судлах үйл явцыг тодорхой, ойлгомжтой байдлаар зохицуулах, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөтэй байсан оюутнуудад нэмэлт төлбөр оногдуулахгүй байх, бага насны хүүхэдтэй оюутнуудыг тав тухтай суралцах боломжоор хангасан орчныг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.