Отгонтэнгэр их сургууль өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт хэмжилзүйн төвөөс олон улсын ISO9001:2015 стандартын гэрчилгээгээ гардаж авлаа. Хувийн хэвшлийн их сургуулиудаас анх удаа үндэсний стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулалт хийлгүүлэн аудитад тэнцэж ISO9001:2015 сертификат авснаар Монгол улсын дээд боловсролын байгууллагуудаас чанарын менежментийг амжилттай нэвтрүүлсэн үндэсний жишиг сургуулиудын нэг боллоо.
Стандарт хэмжилзүйн төвийн Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг “Хувийн их дээд сургуулиудаас хамгийн анхны ISO9001:2015 гэрчилгээ авч байгаа танай сайхан хамт олонд баяр хүргэе. Одоо та бүхэн азийн хамгийн шилдэг зуун сургуулийн нэг болох үүд хаалга нээгдлээ. Өнөөдөр дэлхийд чанарыг үнэлдэг цорын ганц шалгуур бол "ISO" стандарт болж байна Тиймээс чанарын менежментийн тогтолцоогоо улам боловсронгүй болгож дэлхийд данстай их сургууль болохыг хүсье” гэсэн юм.
Баталгаажуулалтын гэрчилгээг гардаж авах үйл ажиллагаанд ОТИС-ийн ректор доктор Н.Энхзаяа болон бусад удирдлага, багш нар оролцсон.
Жилийн өмнө ISO 9001 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шийдвэр гарган чанарын үнэлгээний баг байгуулан, төлөвлөх-гүйцэтгэх-шалгах- сайжруулах гэсэн 4 үе шаттай ажлаа эхлүүлсэн. Ингэхдээ гадаад, дотоодын хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтийг судалж, тэдний сэтгэл ханамжид нийцүүлэх зорилгыг тавьсан юм. “Чанартай боловсрол бидний зорилт” уриатайгаар багш, ажилтан бүрийн үүрэг хариуцлага, идэвх санаачилгыг өрнүүлэн ажилласнаар олон улсын менежментийн тогтолцооны жишиг шаардлагыг сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд нэвтрүүлж, урьдчилсан болон анхан шатны аудитад тэнцлээ.
ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлснээр сургалтын үйл ажиллагаа нээлттэй ил тод болж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэн эргэх холбоог сайжруулж, Инноваци мэдлэгийн менежментийг дэмжих, үр дүнд чиглэсэн өөрийн үнэлгээг боловсронгуй болгох ач холбогдолтой юм.
Ийнхүү олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх их сургуулиудын нэг Отгонтэнгэр Их сургууль боллоо.