Малайз улсад зохион байгуулагдсан 2018 оны FIBA 3X3 U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол улсын эрэгтэй шигшээ баг нийт есөн тоглолт хийснээс найман хожил байгуулж тэмцээний хүрэл медалийн эзэд боллоо.
 
Өнөөдөр буюу 09 сарын 11:04 цагт Шигшээ багийнхан эх орондоо ирсэн бөгөөд гэр бүлийнхэн болон ОТИС-ийн төлөөлөл угтан авч хүндэтгэл үзүүлэв.
 
Манай улсын шигшээ баг тус тэмцээний урьдчилсан шатанд Иран, Узбекистан, Хонконг, Гуамыг хожиж дараагийн шатанд шалгарсан юм.
Тус хэсэгт Йордан, Индонези гэсэн Азидаа дээгүүрт эрэмбэлэгддэг шилдэг багуудыг буулгаж авснаар хэсгээс 1-р байраар шалгарч шилдэг найм буюу хасагдах шатны тоглолтонд Киргизстаны багийг 21:14 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд сагсан бөмбөгийн ноён оргил улсуудын нэг Шинэ Зеландын багтай тоглож хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө хүчирхэг Катарын багтай тоглохоор болсон билээ.
 
Ийнхүү манай улсын шигшээ Катарын багтай ширүүн өрсөлдөөнийг  үзүүлж 21:15 харьцаатай буулгаж авснаар анх удаа оролцсон FIBA 3Ч3 U18 тэмцээний хүрэл медалийн эзэд болцгоолоо. Түүнчлэн шигшээ багийн тоглогч Г. Ган-Эрдэнэ нь тус тэмцээний билэгдлийн тоглогчоор шалгарсан байна. Г. Ган-Эрдэнэ нь Эрдэнэт хотоос сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн бөгөөд одоо ОТИС-д эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцдаг юм.
 
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээж буй шигшээ багийн тамирчиддаа гал халуун баяр хүргэж, цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.