Европын холбооны санхүүжилттэй Жан Моннет Модуль хөтөлбөрийн хүрээнд дэмжигдсэн “EUIF” төслийн багаас зохион байгуулагдаж буй тус сургалтад өнөөдөр Европын холбоо ба хүний эрх, Европын холбоо ба жендерийн эрх тэгш байдал, болон ЕХ-ны гишүүн улс орнуудын тухай гэсэн сэдвүүдээр судлаач эрдэмтэд сургалтыг удирдаж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнөлөө. Мөн төслийн багийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх “Европын холбооны институцын хүрээ” хоёр багц цагийн хөтөлбөрийн агуулгыг хэлэлцүүлсэн. Сургалтын явцад Европын комиссын жендерийн тэгш байдлын асуудал хариуцсан орлогч дарга Катя Лензинг “Европын холбооны гол зарчим бол жендерийн тэгш байдал бөгөөд бүх үйл ажиллагааг нэг талын оролцоо, санаагаар шийдвэрлэх нь боломжгүй зүйл” гэж тэмдэглээд европын холбооны ирэх таван жилийн жендерийн бодлого зорилтуудыг танилцуулсан юм.
Сургалтын ач холбогдол, агуулгын талаар Монгол Улсын Гавьяат Багш, Доктор, Профессор С.Одхүү-тэй ярилцлаа.
Европын Холбооны мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой төсөл хэрэгжиж, та тус багт гишүүнээр ажиллаж байгаагийн хувьд Монгол улсад энэ талын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь хэр чухал асуудал гэж үзэж байна вэ?
Европын холбооны институциуд, тэдгээрийн бүтэц бүрэлдэхүүн, статус, эрх зүйн үндэс, хэм хэмжээ, үүрэг зориулалт, бодлого үйл ажиллагааны тухай суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, ойлголтыг гүнзгийрүүлэх, зөв хандах чадвар суулгахад харилцаа, хамтын ажиллагаанд хэрэгжиж буй зарчим, арга хэмжээний талаар сүүлийн үеийн баримтад тулгуурласан үр нөлөөтэй, сайн сургалт болж байна. Түүнчлэн Европын холбооны түүхэн хөгжил, зорилт, сорилтын асуудлууд ч хөндөгдлөө. Сургалтын хөтөлбөрт тусгагдсан сэдэв, асуудлууд бидний ойлголт мэдлэгийг гүнзгийрүүлэхэд ач тусаа өгсөн гэж бодож байна.
Та тус сургалтын ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Энэ удаагийн сургалт цаг үеэ олсон, чухал сэдэв, асуудлууд хөндсөн, мэргэжлийн судлаачид хичээл заасан, салбарын мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш нар, магистрантууд хамрагдсан үр өгөөжтэй сургалт боллоо гэж дүгнэж байна.
Мөн Сургалтад Монгол Улсад Европын холбоо судлалын суурийг тавьсан Хүндэт дипломатч, ОТИС-ийн зөвлөх багш, Шинжлэх ухааны Доктор, профессор Г.Төмөрчулуун, Румын улсын Трансилванийн их сургуулийн профессор Николас Маринеску, Европын комиссын жендерийн тэгш байдлын асуудал хариуцсан орлогч дарга Катя Лензинг нар мэдээлэл өгч, хичээл заасан нь танин мэдэхүйн хувьд сонирхолтой төдийгүй ач холбогдолтой байлаа.
Монгол улс ба Европын холбооны хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг та хэрхэн харж байна вэ?
Монгол Улс болон Европын холбоо нь орон зайн хувьд зайтай боловч ойлголцол, хамтын ажиллагааны түвшинд ойр дотно, стратегийн түншлэгч хөршүүд гэж ойлгодог. Хоёр этгээдийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, олон салбар хүрээг хамарч буйд сэтгэл ханамжтай байна. Хоёр этгээдийн хооронд байгуулсан “Түншлэл хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” /2011/, бусад гэрээ, бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан заалтуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлэх, итгэл дааж ажиллах л хамгийн чухал гэж үзнэ.
Европын Холбооны бодлого, институтын онцлог юу вэ?
Европын холбоо бол 500 гаруй сая хүн амыг хамарсан өрнөдийн орнуудын бүсийн чанартай хамтын ажиллагааны үр нөлөө бүхий өвөрмөц хэлбэр. Эгнээндээ 27 орныг нэгтгэсэн том холбоо боловч засаглалын 5 үндсэн том институци, туслах болон зөвлөх бусад байгууллагын тусламжтайгаар үйл ажиллагаа нь зүгширсэн, харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурладаг. Сүүлийн үед нөхцөл байдлаас үүдсэн хүндрэл бэрхшээл гадаад, дотоодод нь учирч байгаа ч амжилттай даван туулж, хүрээ нь тэлж, нөлөө нь өсөж байгаа хамтын ажиллагааны ирээдүйтэй хэлбэр гэж боддог.