Агаарын тээврийн үйлчлэгч мэргэжлээр бакалаврын түвшинд Монголд анх удаа бэлтгэгдэж буй оюутнууд БНСУ-ын Хансо их сургуульд үргэлжлүүлэн суралцаж байгаа билээ.Тус их сургуульд суралцаж буй Монгол оюутан дундаас урлаг, спорт, эрдэм шинжилгээ, сурлагаараа манлайлж, үлгэр жишээ болж буй төгсөх курсын оюутан О.Оюун-Номин-д Хансо их сургуулийн гадаад харилцааны эрхлэгч Ким Жин У шилдэг оюутны гэрчилгээ гардуулсан байна.
АТҮ-ийн мэргэжлийн хөтөлбөрийн анхны элсэгч О.Оюун-Номин нь ОТИС-д сурч байхдаа солонгос хэл сурч,Топик шалгалтанд 183 оноо буюу 4 зэрийн түвшин авч байсан авьяаслаг оюутнуудын нэг юм.Тэрээр үеийн залуустаа туршлагаасаа хуваалцаж, “Сурч байх хугацаандаа үйлчилгээний ажилтны ёс зүй, биеэ авч явах байдал, сэтгэхүй гээд энэ мэргэжлийг эзэмших гэж буй бидний хувьд ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгож, үеийн найзууддаа энэ бүхнийг өөрийн дадал зуршил болгоосой гэж хүсч байна. Анх Хансо их сургуульд ирээд эхний улирлын role play шалгалтанд ИНЭЭМСЭГЛЭЛ бидний суурь зүйл гэдгийг маш сайн ойлгож авсан. Бид бүгд өдөр бүр зорилгынхоо төлөө нэг жижигхэн зүйл хийж хөдөлмөрлөж байхад аль хэдийн зорилгынхоо 90 хувьд нь очсон байх болно" гээд "агаарын тээврийн болон аюулгүй байдал, нисэхийн чиглэлийн суурь онолыг сайн ойлгуулж өгсөн МИАТ-ийн мэргэжилтэн багш нар болон Отгонтэнгэр их сургуулийн эрдэмтэн багш нартаа талархаж явдаг шүү" гэдгээ илэрхийлсэн юм.