1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхэн өдөр тохиож байна.
Шинэ байгуулсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилсон юм.
Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.
109 жилийн өмнөх энэ өдөр тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ
Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн мэнд хүргэе.