Отгонтэнгэр их сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлж буй “Мэтгэлцээн” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчдын дунд Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах амжилттай боллоо. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн хоёр үе шаттай бөгөөд 21 аймаг, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан багууд улсын аваргын төлөөх байранд өрсөлдсөн юм. Хот хөдөөгийн нийт 180 сурагч, 40-өөд багш нар оролцсон энэ удаагийн тэмцээний гол онцлог нь орон нутгийн аварга шалгаруулах тэмцээнийг бүс нутаг өөрсдөө гардан зохион байгуулсан явдал юм.
Тус тэмцээнд 12 аймаг, есөн дүүргийн багш сурагчид оролцсон бөгөөд 1800км зам туулан Баян-Өлгий аймгаас мэтгэлцэгчид зорин ирсэн нь энэхүү тэмцээний нэр хүнд улам өссөнийг нотлон харууллаа.
Сурагчдын тэмцээний тоглолтууд хасагдах зарчмаар бус нэг баг 5 тоглож эхлээд хожил, дараа нь оноо тоолох зарчмаар хамгийн олон хожил авсан чансаа өндөртэй 16-н баг шилдэгийн төлөө өрсөлдсөн. Ингэхдээ сугалааны зарчимаар мэтгэлцэж хасагдсаар шилдэгийг шилдэгүүд тодорсон юм. Хамгийн багадаа нэг баг таван удаа мэтгэлцсэн бол шувтаргад үлдсэн багууд арав гаруй удаагийн мэтгэлцээн хийсэн юм. Энэ нь багуудад туршлага мэдлэг хуримтлуулах, бие биенээсээ суралцах, найзалж нөхөрлөх гээд олон боломжуудыг нээж өглөө хэмээн оролцогчид дуу нэгтэй хэлж байлаа.
Багаа хооронд нь 1 нь 2-тойгоо гэх мэт сугалааны зарчмаар мэтгэлцүүлж ялагдсан багийг шууд хасах зарчмаар тэмцээнийг үргэлжлүүлж шилдгийн шилдэг багуудаа шалгаруулсан.
Харин багш нарын багийг тэмцээний тоглолтын явцаас сонирхуулбал багууд мөн шууд хасагдах зарчмаар бус нэг 3 тоглож эхлээд хожил, дараа нь оноо тоолох гэсэн зарчмаар хамгийн олон хожил, өндөр оноотой шилдэг 8-н багийг шалгаруулж улмаар 8-н багаа хооронд нь сурагчдын багийн нэгэн адил 1 нь 2-тойгоо гэх мэт сугалааны зарчмаар мэтгэлцүүлж ялагдсан багийг шууд хасах зарчмаар тэмцээнийг үргэлжлүүлж шилдгийн шилдэг багуудаа шалгаруулсан. Гурван өдрийн турш Монголын өнцөг булан бүрээс ирсэн хүүхэд багачууд нэгэн дээвэр дор үгийн хүч, оюуны чадвараараа өрсөлдсөн ч найз нөхөд болон үлдэцгээсэн нь тэдний цахим хуудсанд үлдээсэн сэтгэгдлээс харагдаж байна.
ЕБС-ийн мэтгэлцэгчид цахим хуудсанд “Эрдэм соёлыг дээдэлсэн дэлхийн монгол иргэнийг бэлтгэнэ гэсэн энэ үг үнэхээр их таалагдаж байна. Тухтай сандал, чимээгүй орчин... ер нь бүх зүйл 100 хувь. Баярлалаа Отгонтэнгэр” гэж Налайх дүүргийн “Ховоо” багийнхан бичжээ.
Мөн “МУИС-ын харьяа БЭЛАС-ын “Мэргэн” клубын удирдагч багш Г.Удвал, гишүүн Оюунтунгалаг, Ариун-Эрдэнэ, Алтанцэцэг нарын зүгээс талархал илэрхийлж байна.
Монголын хүүхэд залууст мэтгэлцээний соёлыг түгээн дэлгэрүүлж буй Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгт бүхий л мэтгэлцэгчдийнхээ зүгээс талархал илэрхийлье. Шүүлт бүхэн нь тоглолтоос тоглолт бүрд урамшуулж, хурцалж,ухааруулж, ирээдүйд өсөж дэвжих, сурч боловсрох их үүдийг нээж өгсөн шүүгчид та бүхэнд баярлалаа.
Мөн энэ тэмцээнийг гайхалтай зохион байгуулсан ОТИС-ийн удирдлагууд, Тулах цэг клубын хамт олонд 3 өдрийн турш сэтгэл зүрхээ зориулсанд талархал илэрхийлье.
21 аймаг, 9 дүүргээс шалгаран ирсэн 186 мэтгэлцэгчид, тэдгээрийн эрдэмтэн багш нартаа цаашдын сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Өнгөрсөн 3 хоног бидний хувьд мартагдахааргүй дурсамжууд, насан туршийн сайхан нөхөрлөлийг бүтээлээ. Хамтдаа мэтгэлцсэн үе тэнгийн мэтгэлцэгч найзууддаа амжилт хүсье” гэжээ. Ийм л халуун дулаан уур амьсгал дунд өрнөсөн мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэгийн шилдэгүүд дараах сэдвүүдээр мэтгэлцсэн.
Дээрх сэдвүүдээр мэтгэлцсэн шигшээ тоглолтонд оролцсон багуудаас тэргүүн байранд БЗД-ийн “OG” багийн гишүүн Г.Мөнхбат, Г.Адъяасүрэн, Э.Өсөхбөяр нар орж өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналын эзэд боллоо. Дэд байранд “Харгиа” багийн Б.Цэцэгсүрэн, Н.Хишигт, Т.Бат-Эрдэнэ нарын гишүүнтэй баг шалгарсан бол гуравдугаар байранд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын сурагч Б.Номингэрэл, Т.Энхжаргал, М.Анужин нарын бүрэлдэхүүнтэй “Хархираа” баг шалгарлаа.
Шилдэгийн шилдэг 44 мэтгэлцэгч ОТИС-ийн нэрэмжит 500,000-5,000,000 төгрөгийн тэтгэлгийн эзэд болсон.
Мөн багш нарын мэтгэлцээний тэргүүн байранд Дархан Уул аймгаас оролцсон Х.Эрдэнэпил, М.Туяа, Н.Намжилдорж нарын бүрэлдэхүүнтэй “Дархан” баг шалгарсан бол дэд байранд БЗД-ийн Э.Булган-Эрдэнэ, Г.Ганзориг, Ж. Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй “Шинэ Монгол”, гуравдугаар байранд СБД-ийн Х.Энхбулган, Г.Удвал, Б.Цэрэнлхам нарын бүрэлдэнхүүнтэй “Сирус”, Орхон аймгийн Б.Батжаргал, Ч.Цэндээ, О.Амарбаясгалан нарын “Шинэчлэл” баг тус тус шалгарч өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлийн эзэд болсон юм.
Энэ жилийн мэтгэлцэгчид “Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус соёл юм” гэсээр нутаг нутгийн зүг хөнгөхөн гунигтай ч найз нөхөрлөлийн холбоогоо тэлж шинийг сурч мэдсэндээ туйлын баяртай буцлаа. Ирэх жилийн мэтгэлцээнийг тэд яг өнөөдрөөс бэлдэж эхэлсэн.