БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Солонгосын долоо хоног 2018” өнгөрсөн амралтын өдрөөр зохиогдлоо. Энэхүү өдөрлөгт Отгонтэнгэр их сургуулийн Солонгос хэлний орчуулагч, Агаарын тээврийн үйлчилгээний 1, 2-р ангийн оюутнууд сургуулиа төлөөлөн оролцож, хоёр улсын үндэсний хувцасны параданд алхаж, мэргэжлийн онцлогоо сурталчилсан юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар, Сөүл хотууд анх 1995 онд ах дүүгийн найрсаг харилцаа тогтоосон. Энэ хугацаанд хотууд харилцаа хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүх л салбарт өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн Солонгос Улсын үндэсний соёл урлаг, уламжлал, зан заншлын талаар бага боловч мэдлэгтэй болж, хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тус арга хэмжээнд Солонгосын үндэсний урлагийн концерт, Солонгос хоолны фестиваль, Солонгос киноны өдөрлөг, Таэквондогийн тэмцээн, Гоо даамны олон улсын тэмцээн, Солонгос дууны тэмцээн зэрэг олон сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн байсан юм.