Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар”, “Койка” олон улсын байгууллага, БНСУ-ын “Гөү энд Дү” төрийн бус байгууллага хамтран “Сайн дурын үйл ажиллагааны төв” байгуулах төслийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжийн зургаан төвийн нэг нь  Отгонтэнгэр Их сургуулийг түшиглэн нээлтээ хийлээ.

Аливаа нийгмийн тулгамдсан асуудлуудыг зөвхөн төр эсвэл иргэний нийгмийн байгууллага шийдэж чадахгүй. Энэ шийдвэрлэж чадахгүй байгаа асуудал бүрийг иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан хамтдаа шийддэг олон орны жишээг бид мэднэ. Монголчууд бид ч эрт дээр үеэс өвдсөн зовсон нэгэндээ хамтын сэтгэлээр тусалдаг сайхан сэтгэлт ард түмэн. Гагцхүү сайн дурынхны үйл ажиллагааг төр засагтай холбож нэгдсэн нэг бодлоготой болох нь юу юунаас чухал байна. Тиймээс ч энэхүү төслийн хүрээнд эхний ээлжинд зургаан төв байгуулагдаж байгаа бөгөөд цаашлаад 250 төв байгуулах зорилго тавиад байгаа юм. Отгонтэнгэр Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийг түшиглэн байгуулсан “Сайн дурын үйл ажиллагааны төв” гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.

  1. Орлого багатай өрхийн хүүхдүүдэд чиглэсэн сайн дурынхны баг
  2. Амьдрах орчны асуудалд чиглэсэн сайн дурынхны баг
  3. Бүс нутгийн асуудалд чиглэсэн сайн дурынхны баг

Эдгээр гурван багийг СХССТ-ийн сургуулийн өмнөх боловсролын багшийн ангийн оюутнууд удирдан явуулах бөгөөд сар бүр нэг нэг ажил хийхээр төлөвлөжээ.

Нийгэмд хэн нэгний туслалцаа хэрэгтэй байгаа зорилтот бүлгийн асуудлыг сайн дурынхны тусламжтайгаар шийдвэрлэх нь тус төвийн хамгийн гол зорилго. Бид хаана хэрэгтэй байна тэнд хамтдаа очих болно уриатай тэдний ажлыг ОТИС-ийн эрдэмтэн багш, оюутан залуучууд бүрэн дэмжин ажиллах болно. Сайн үйлс дэлгэрч, сайн дурынхан улам олон болох болтугай.