Отгонтэнгэр Их Сургуулийн эрхлэн гаргадаг “ОТГОНТЭНГЭР” (OTU-Journal of Otgontenger) сэтгүүл олон улсын ISSN:2415-749Х эрх бүхий, гадаад дотоодын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн хянан магадалгаатай, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын Бага чуулганаар баталгаажуулж, ШУА-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 2 сарын 27-ны өдрийн А/14 тоот тушаалын хавсралтаар дотоодын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтад баталгаажсан. Тиймээс бусад их сургуулийн багш, судлаачид болон докторантуудын эрдэм шинжилгээний багц цаг тооцоход шаардагдах үзүүлэлтийг хангасан болно.
ОТГОНТЭНГЭР” сэтгүүл нь Боловсрол, Хүмүүнлэг, Нийгмийн ухааны чиглэлийн суурь болон хавсарга судалгаа; улс орны хөгжлийн бодлого төлөвлөлтийн судалгаа; технологи, инновацын судалгааны чиглэлээр дараах агуулгын хүрээнд бүтээл хүлээн авна.
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах бүтэцтэй байна:
Өгүүллийн гарчиг
Зохиогчийн овог нэр
Байгууллагын нэр
Холбоо барих зохиогчийн овог нэр, цахим хаяг
Хураангуй (Abstract): Хураангуйг англи хэл дээр 250-300 үгэнд багтаан бичнэ. Хураангуйд тус судалгааны ажлын гол зорилго, аргазүй, үр дүн, дүгнэлт хэсгээс товч тодорхой дурдаж, уг судалгааны ажлаар шийдвэрлэсэн асуудал, түүний онол, практикийн ач холбогдол, дэвшүүлж байгаа асуудал, шинэлэг талыг бичнэ.
Түлхүүр үгс: Түлхүүр үгсийг хураангуй хэсгийн доод талд бичих ба 5-аас илүүгүй үг байна. Тухайн өгүүллийн гол агуулгыг илэрхийлсэн нэр үг байх бөгөөд ганц тоон дээр бичнэ.
Оршил: Өгүүллийн нийт бичвэрийн 5% орчим байх ба судалгааны зорилго, зорилт (дэвшүүлсэн таамаглал), тухайн асуудлын судлагдсан байдал (эшлэл авах), тулгамдаж буй асуудал, судалгааны ач холбогдол, дэвшүүлж байгаа асуудлын шинэлэг тал гэх мэт агуулгыг багтаасан байна.
Судалгааны аргазүй: Тухайн судалгаанд ашигласан аргазүйг дэлгэрэнгүй бичих бөгөөд судалгаа явуулсан газар, судалгааны хамрах хүрээ, судалгааны хэрэглэгдэхүүн, туршилт, хугацаа, задлан шинжилсэн аргачлал, үр дүн зэргийг дэлгэрэнгүй оруулна.
Судалгааны үр дүн: Тухайн судалгааны арга зүйн дагуу ямар үр дүн(гүүд) гарсан, тэдгээр нь бусад судлаачдынхаас ялгаатай байдал, сул болон давуу талтай болохыг зөвхөн тухайн сэдвийн хүрээнд харьцуулан дэлгэрэнгүй оруулна. Судалгааны үр дүнг бичихдээ зураг, график, хүснэгт, диаграмм ашиглах бөгөөд тэдгээрийн тайлбарыг ойлгомжтой, харагдац сайтай бичнэ.
Хэлэлцүүлэг: Хэлэлцүүлэг хэсэг нь нийт бичвэрийн 20-30% байна. Энэ хэсэгт тухайн ажлын хүрээнд гарсан үндсэн дүгнэлтүүдийг цаашид хэрхэн сайжруулах боломжтой болон бусад судлаачдын явуулсан судалгааны дүнтэй харьцуулалт хийж дэлгэрэнгүй тайлбарлан бичнэ.
Дүгнэлт: Судалгааны ажлын нэгдсэн үр дүн, тэдгээрийн онол-аргазүй, практик ач холбогдол, салбарт оруулж буй хувь нэмэр болон цаашид хөгжүүлэх боломж зэргийг тусгана.
Талархал: Тухайн судалгааг явуулж, тодорхой үр дүн гаргахад туслалцаа үзүүлсэн албан байгууллага, хувь хүн, эрдэмтэн, судлаач, багш нар болон судалгааны ажлыг явуулах санхүүжилтэд тусламж, дэмжлэг үзүүлсэн байгууллага, төслийн нэр, дугаар зэргийг уг хэсэгт дурдаж бичнэ.
Ашигласан бүтээлийн жагсаалт: Тухайн өгүүлэлд эшлэл авсан эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, товхимол, тайланг ашигласан ном, хэвлэлийн жагсаалтад бичвэрт цагаан толгойн үсгийн дарааллаар нь дугаарлаж (1), (2) гэх мэт бичнэ.
Бусад
Бүтээлд тавигдах шаардлагыг ОТИС-ийн https://www.otgontenger.edu.mn/mn сайтад нээлттэй байршуулж мэдээлнэ.
“ОТГОНТЭНГЭР” сэтгүүл нь жил бүрийн 04 дүгээр сарын 30 хүртэл эрдэмтэн, багш, судлаачдын судалгааны өгүүллийг хүлээн авч, хянан магадалгаа хийж, тухайн оны 6 дугаар сард багтаан хэвлэмэл болон цахим хэлбэрээр эмхэтгэн нийтийн хүртээл болгоно.
Өгүүлэл хүлээн авах хаяг: journal@otgontenger.edu.mn
ЖИЧ: Нэг удаагийн дугаарт тухайн зохиогчийн нэр бүхий 1-ээс илүү өгүүлэл нийтлэхгүй болохыг санаарай.
ОТГОНТЭНГЭР СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ