Монголын ууган тогтмол хэвлэл болох “Монголын үнэн “ сонины 100 жилийн ой энэ өдөр тохиож байна. 1920 оны 11 дүгээр сарын 10-нд Эрхүү хотноо анх хэвлэгдсэн “Монголын үнэн” нь Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт олон зүйлээр анхдагч болсон түүхэн гавъяатай. Тус сонин нь Монголын сэтгүүлзүйн түүхэнд тод мөр үлдээсэн “Уриа”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг олон сониныг араасаа дагуулж, үндэсний сэтгүүлзүйн үе үеийн төлөөллийг төлөвшүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. Сонины ойд зориулж ОТИС-ийн СХСС-ын тэнхимээс “Үнэн-100” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд багш, доктор, профессор С.Одхүү “Монголын үнэн” сонины 100 жилийн өмнө гарч байсан анхны дугаараас эхлэн өнөөг хүртлэх дугааруудыг дэлгэн үзүүлсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Мөн “Үнэн сонинг хэн сайн мэдэх вэ?” сэдвээр оюутнуудын дунд АХА тэмцээн явуулж,СЗ-3 ангийн оюутан Э.Золзаяа түрүүлсэн юм.

Түүнчлэн Үнэн сонинд олон жил ажилласан ахмад сэтгүүлч Ц.Мишигдорж, Г.Дамба, нарын сонинд ажиллаж байсан үеийн түүх дурсамжаас сонсож, тус сонины гэрэл зургийн даргаар ажиллаж буй МУСГЗ Н.Бөхдамбий мэдээний гэрэл зургийн онцлогийн талаар тайлбарлаж оюутнууд сонирхсон асуултаа асууж ярилцсан юм.