Энэтхэгийн зохиолч Наяантра Сахгалын “Индра Ганди Захирах зөн” бүтээлийн нээлт Интер номын төв салбарт өнөөдөр боллоо.
Эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор Энэтхэгийн гуравдах ерөнхий сайд бөгөөд 2 удаа ерөнхий сайдаар сонгогдон ажилласан Индра Гандийн намтар түүхийг өгүүлсэн “ИНДРА ГАНДИ- ЗАХИРАХ ЗӨН” бүтээлийг Отгонтэнгэр их сургуулийн эрдэмтэн багш нар орчуулан монголын уншигчддаа хүргэж байна.
Нээлтэнд БНЭУ-ын ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Шири Ражендра Жха Манан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, УИХ-ын даргын хэвлэлийн албаны дарга Л.Нинжжамц, БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр, МУИС-УТС-ын тэнхимийн эрхлэгч, Доктор, профессор Ж.Төртогтох, МҮОНРТ-ийн Ерөнхий продюссер Д.Ганчимэг, ОТИС-ийн багш, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч В.Ариунчимэг, ШУТҮЗ ажлын албаны дарга С.Мөнхбат, МУИС-ийн УТС тэнхимийн багш, доктор Г.Туяагэрэл, төслийн багийн хүндэт гишүүд, орчуулагч, редакторууд хүрэлцэн ирсэн юм.
Индра Гандийн үеэл, зохиогч Наяантра Сахгал улс төрийн болон хувь хүний амьдралын алдаа оноотой баялаг түүхийг тун ойроос үнэн бодитоор бичиглэн үлдээсэнд энэ бүтээлийн онцлог орших ажээ. Индра Гандигийн эцэг Жавахарлал Неруг монголчууд бид сайн мэдэх бөгөөд тэрээр тусгаар тогтносон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын анхны Ерөнхий сайд байсан бол түүний эх Камала Неру, өвөг эцэг Мотилал Неру нар ч мөн Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч байв.
1966, 1980 онуудад энэтхэгийн ерөнхий сайдаар хоёронтоо сонгогдон ажилласан Индра Гандийн улс төрийн замнал амаргүй байсан бөгөөд дэлхийн хамгийн олон хүн амтай, хүн ам дотроо үндэстэн, угсаатны олон нийтлэгтэй, шашин соёлын олон урсгал чиглэл, хэв маягтай Энэтхэг улсын түүхэнд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэгч, улс орноо бүс нутгийн тэргүүлэгч гүрэн болгох, хүнсий үйлдвэрлэлд хувьсгал хийсэн гавьяатан гэж үнэлэгдэхийн зэрэгцээ ардчиллын үнэт зүйлсийг бүдгэрүүлсэн, социализм руу хэвийсэн бодлого шийдвэрүүд гаргагч гэж ч шүүмжлэгддэг. Хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах ёстой гэсэн эцгийнхээ үзэл санааг баримтлан тэрээр энэтхэгийг хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг бий болгож чаджээ.
Энэтхэгийн алдартай улс төрч эмэгтэй Индра Гандигийн намтар түүх, алдаа оноог өгүүлсэн энэхүү бүтээлийг монгол уншигчдад хүргэх ажлыг Монгол улсын гавъяат багш, ОТИС-ийн Үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Оюунхорол санаачлан, ерөнхий редактороор ажилласан байна.
Төслийн багт Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургууль, Англи хэлний тэнхим, Сэтгүүл зүй-Олон улсын харилцааны тэнхимийн багш нар ажиллаж бүтээлд салбарын тэргүүлэх эрдэмтэд орчуулгын болон нийгэм, улс төрийн редакци хийжээ.
 
Отгонтэнгэр их сургуулийн эрдмийн хамт олон эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулахад анхаарч дэлхийд нэрээ дурсгасан шилдэг эмэгтэй улс төрчдийн намтрыг орчуулан нийтийн хүртээл болгох ажлыг 2015 онд санаачлан Их Британийн ерөнхий сайд алдартай улс төрч Маргарет Тэтчерийн “Эрх мэдэлд хүрсэн зам” бүтээлийг орчуулж монгол уншигчиддаа хүргэж байсан бол өнөөдөр Энэтхэгийн гуравдах ерөнхий сайд бөгөөд хоёр удаа ерөнхий сайдаар сонгогдон ажилласан Индра Гандийн намтар түүхийг өгүүлсэн “ИНДРА ГАНДИ- ЗАХИРАХ ЗӨН” бүтээлийг орчуулан та бүхэндээ өргөн барьж байгаа ажээ.