Тайвань улсын нийслэл Тайпей хотноо зохиогдож буй Дэлхийн Оюутны Спортын Универсиад 29-р наадмаас ОТИС-ийн 2017 оны төгсөгч Б.Нарантуяа пүүл биллъярдын төрөлд дэд байр эзэлж, бахдам амжилт гаргалаа.
“Эфэс” клубын тамирчин Б.Нарантуяа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээний хагас шигшээд Тайваний тамирчин Вү Жи Тинийг 9:6-ын харьцаатай буулган авч, аваргын алтан медалийн төлөө Тайванийн шилдэг тамирчин Кү Чен Чинтэй өрсөлдөн 6:9-ын харьцаатай хожигдсон. Ингэснээр Универсиад их наадмаас медаль хүртсэн монгол улсын 52 дахь тамирчин боллоо.
Эх орныхоо нэрийг төдийгүй сургуулийнхаа нэрийг гаргасан Б.Нарантуяа багаасаа энэ спортоор хичээллэж олон амжилтын эзэн болсон түүхтэй. Түүнчлэн Отгонтэнгэр их сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн урлаг спортын “Манлайлагч” оюутнаар шалгарч байсан юм.
Тус наадамд 17-28 насны оюутан тамирчид оролцох боломжтой ба энэ жил дэлхийн 5 тивийн 162 орноос 12.500 орчим тамирчин төлөөлөгч хүрэлцэн ирж, нийт 7.746 тамирчин 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээн маргааш өндөрлөнө.