Их дээд сургуулийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх (MONGWBL) төслийн хоёр дах удаагийн багш, судлаач, мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх онлайн сургалтыг “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн санхүүжилт, чанарын баталгаажуулалт” сэдвийн хүрээнд 1 сарын 26,27-ны өдрүүдэд боллоо.

Төслийн ээлжит чадавхжуулах сургалтаар Герман, Франц, Румын, Грек зэрэг Европын зарим улсуудад ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн санхүүжилт, чанарын баталгаажилтыг хэрхэн хангаж ажилладаг талаар их сургуулийн болон ажил олгогчдын төлөөлөл өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.

 Сургалтад БШУЯ, Отгонтэнгэр их сургууль, ХААИС, СЭЗИС, Дорнод ИС, СУИС, Голомт болон Төрийн банк, Монголын аялал жуулчлалын холбооны төслийн багийн гишүүд болон Монголын зарим ИДС-ийн профессор, судлаачид, ажил олгогчдын төлөөлөл хамрагдаж өөрсдийн боловсруулсан ажлын байранд суурилсан сургалтын талаар баримтлах бодлого, зохицуулалт, санхүүжилт, чанарын баталгаажуулалтыг хэрхэн хангаж ажиллах талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.

Отгонтэнгэр их сургуулийн захирал Н.Энхзаяа тус сургалтыг нээж хэлсэн үгэндээ:

Эрасмус+ Дээд боловсролын чадавх бэхжүүлэх (CBHE) төслийн хүрээнд хэрэгжиж буй MONGWBL төсөл нь ажлын байранд суурилсан сургалтаар дамжуулж ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлын ур чадвартай төгсөгчдийг бэлтгэх, улмаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг дээшлүүлэх зорилгоор Их сургууль, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг дэмжих бодлого, хууль эрхзүйн орчин, ажлын байранд суурилсан сургалтыг дээд боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх механизм, арга хэрэгслийг бий болгоход чиглэж байгаагаараа цаг үеэ олсон чухал хэрэгцээтэй байгаа гэдгийг онцолж, 2 өдрийн сургалтын үр дүн амжилттай байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд" төслийн оролцогчдод амжилт хүсэв.  

Отгонтэнгэр их сургуулийн дэд захирал, MONGWBL төслийн ерөнхий зохицуулагч Ж.Золбаяр " COVID-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг үл харгалзан MONGWBL төслийн үйл ажиллагаа ажлын төлөвлөгөөнд тусгагдсан хугацааны дагуу бүх талууд ахиц дэвшил гарган ажиллаж байгаад талархал илэрхийлж, өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийгдсэн зарим ажлын талаар товч танилцуулаа.

Тухайлбал,

  • Ажлын байранд суурилсан сургалтын нөхцөл байдлын үнэлгээ, уг сургалтыг хэрэгжүүлэх гарын авлага, нэр томьёоны тайлбар зэргийг 2021 оны 12 сарын 28-д үндэсний оролцогч талуудын уулзалт семинараар хэлэлцүүлсэн. 
  • Зохицуулагч их сургуулиас Монгол Улсын их, дээд сургуулиудад холбогдох тоног төхөөрөмж худалдан авах нийтийн ил тод тендер зарлаж, шалгарсан байгууллага тоног төхөөрөмжийг төсөлд оролцогч их дээд сургуулиудад нийлүүлж, сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна.
  • Төслийн хүрээнд дунд шатны мониторинг хийгдэж, өгсөн санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгааг дурдаад, Монголын түнш байгууллагуудын дунд төслийн үүрэг хариуцлага, хүлээлт өндөр байгаа нь төсөл үр дүнтэй хэрэгжих сайн үндэс суурь болж байгааг” онцлон тэмдэглэлээ. 

Ажлын байранд суурилсан сургалтын санхүүжилт сэдэвт эхний өдрийн сургалтыг Румын улсын Трансильванийн их сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Симона Лаче, Ажлын байранд суурилсан сургалтын чанарын баталгаажуулалт сэдэвт хоёр дах өдрийн сургалтыг Грек улсын Македонийн их сургуулийн дэд захирал Димитриос Киркилис тус тус удирдан зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад Грек болон Румын улсын ажил олгогчдын төлөөллүүд оролцож өөрсдийн туршлага, саналаа хуваалцсан нь онцлог байлаа. 

                                               

Грек улсын TIF – Helexpo группийн захирал Кириакос Позрикидис сургалтын төгсгөлд ажил олгогчдод хандан “Ажлын байранд суурилсан сургалтаар дамжуулан оюутнуудыг авч дадлагажуулан ажиллуулах нь нэг талаараа ажил олгогчид санхүүгийн болон хариуцлагын дарамт учруулж буй мэт боловч урт хугацаанд маш бодитой үр дүн гардгийг ажил олгогчид бид санах учиртай” гэж тэмдэглэн хэлсэн юм.