Отгонтэнгэр Их Сургууль Монголын Даатгалын Холбоотой хамтран “Даатгалын өдөрлөг 2025 – INSPIRE: Даатгал ба ирээдүй” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь даатгалын салбарын мэргэжилтнүүд, бодлого тодорхойлогчид, бизнесийн байгууллагууд болон их сургуулийн оюутнуудыг нэг дор цуглуулсан өргөн хүрээтэй уулзалт болж өндөрлөлөө. Даатгалын салбарын 91 жилийн түүхэн ой тохиож буйтай холбогдуулан салбарын хөгжлийн уламжлал, шинэчлэл, инновацын уялдаа холбоог онцлон танилцуулсан нь арга хэмжээний гол өнгө аяс байлаа. Түүнчлэн дараах дөрвөн чиглэлд төвлөрсөн юм.
"InsurTech ба дижитал шилжилт" даатгалын үйлчилгээнд хиймэл оюун ухаан, автоматжуулалт, параметрик даатгал зэрэг шинэ технологийн шийдлүүд хэрхэн нэвтэрч буй талаар, "Нийгэм, эдийн засгийн дархлаа" үндэсний эдийн засгийн тогтвортой байдал, өрхийн санхүүгийн хамгаалалтад даатгалын бодлого ямар чухал үүрэгтэй талаар судлаачид, бодлого боловсруулагчид хэлэлцсэн бол "Иргэдийн амьдралд эерэг нөлөө амьдралын даатгал, эрүүл мэндийн хамгаалалт, иргэдийн эрсдэлийн боловсролыг нэмэгдүүлэх асуудлыг тодруулан ярилцсан нь олон нийтийн сонирхлыг татсан сэдэв байв.
Мөн "Шинэ чиг хандлага" Кибер аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдэл, гэрийн тэжээвэр амьтдын даатгал зэрэг шинээр бий болж буй хэрэгцээ, боломжийг танилцууллаа.
“Даатгалын өдөрлөг 2025” арга хэмжээ нь даатгалын хөгжлийн өнөөгийн төлөв байдал, цаашдын боломжийг олон талтайгаар хэлэлцсэн үр өгөөжтэй уулзалт болж, оюутан залуусыг салбарын шинэ чиг хандлагатай холбосон чухал үйл явдал боллоо.