Отгонтэнгэр Их Сургууль энэ хичээлийн жилээс “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг албан ёсоор ёслон тэмдэглэж, ОТИС-ийн шилдэг судлаач эрдэмтдийг алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.Тус арга хэмжээний хүрээнд ОТИС-иин WoS, SCOPUS-т нэг ба холбоо баригч зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн 6 багшид Хүндэтгэлийн цом, хамтарсан өгүүлэл хэвлүүлсэн 7 судлаач багшид Батламж гардууллаа.

Тус арга хэмжээнд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид “Судалгаа хөгжүүлэлтийн ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” илтгэл хэлэлцүүлж санал солилцсон байна.
ОТИС-ийн ректор профессор Н.Энхзаяа хүндэтгэлийн арга хэмжээ нээж хэлсэн үгэндээ “ОТИС-ийн нийт багш, ажилтны 45.8% докторын зэрэгтэй судлаач багш байгааг тэмдэглээд, сүүлийн жилд ОТИС-ийн багш нараас 6 доктор төрж, 2 докторант урьдчилсан хамгаалалтаа товлуулаад байгааг онцолсон юм.
ОТИС багш судлаачдын судалгаа хөгжүүлэлтийг дэмжих чиглэлд онцгой анхаарч 2025 онд “Судалгааны ажлыг хөгжүүлэх дэд хөтөлбөр” шинэчлэн баталж, Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандарт шинэчлэх, судалгааны өрсөлдөөнт тэтгэлгийн журамыг шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааг дотоод гадаадын сургалт, судалгаа эрдэм шинжилгээний байгууллагуудтай өргөжүүлэн ажиллаж байна.