Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн түүхэн өдрийг тохиолдуулан Отгонтэнгэр их сургуулийн санаачилгаар нэрт эрдэмтэн Лэгцэгийн Баасан гавьяат багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыгтөрийн ордонд амжилттай зохион байгуулж, хөдөлмөрийн эрх зүйд тулгарч буй асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр Улсын дээд шүүхийн Тамгын газар Отгонтэнгэр их сургуультай Хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Отгонтэнгэр их сургуулийн ректор, доктор Н.Энхзаяа гарын үсэг зурсан юм.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Эрдэмтэн багш, гавьяат хуульч, эрхэм хүмүүний нэрэмжит “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа: Шинэ үеийн сорилт, шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад нэгдэн оролцож, Отгонтэнгэр их сургуультай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна.
Монгол Улсын дээд шүүх нь онолын буюу бодлогын шүүх болохын хувьд судалгаа шинжилгээнд тулгуурлан ажилладаг бөгөөд Улсын дээд шүүхийн Тамгын газар, Шүүхийн академи “Доктор шүүгч”, “Судлаач шүүгч”, “Академик ажлыг дэмжих хөтөлбөр” зэргийг батлан хэрэгжүүлж, хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.
Нэрт сурган хүмүүжүүлэгч Л.Баасан багшийнхаа гэр бүл, үр хүүхэд, ах дүү нарт гүн хүндэтгэлээ илэрхийлж, Монгол Улсын дээд шүүхэд зочлон ирэхийг урьж байна. Бид Улсын дээд шүүхийн болон шүүгчээр ажиллаж байсан эрхмүүдийнхээ түүхэн үзмэрийн танхимыг байгуулан оюутан, сурагчид, иргэд, хуульчдад таниулах ажлыг тасралтгүй зохион байгуулж буй. Оюуны их өргөө Отгонтэнгэр их сургуулийнхаа удирдлага, хамт олонд чин сэтгэлийн баяр талархал илэрхийлье. Эрдэмт их хүмүүдийн үлдээсэн оюуны өвийг хойч үедээ уламжлан түгээх нь бидний үүрэг билээ” гэв.
Хурлыг Отгонтэнгэр их сургууль, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Улсын их хурлын тамгын газар, Улсын дээд шүүх, Шүүхийн Академи, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монголын Хуульчдын холбоо, Монголын Нотариатчдын танхим хамтран зохион байгуулж, Л.Баасан багшийн үр хүүхэд, ач, зээ нар болон төгсөгч шавь нараас нь хандив өгч оролцжээ.
Энэ жилийн анхны эрдэм шинжилгээний хурлаар хөдөлмөрийн маргааныг шүүхийн журмаар болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд гарч байгаа шинэлэг харилцаа, цахим хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн гэрээний хугацаа, түүний үр дагавар, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөөлөл гэх мэт хөдөлмөрийн эрх зүйд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, цаашид эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим шийдлийг эрэлхийлэн хэлэлцсэн байна.
Энэхүү хурал нь хөдөлмөрийн эрх зүйн онол, практикийн чиглэлээр эрдэмтэд, судлаачдын үзэл баримтлал, судалгааны үр дүнг үндэсний хэмжээнд хэлэлцүүлэн хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Цаашид Отгонтэнгэр их сургууль жил бүр уламжлал болгон зохион байгуулах Лэгцэгийн Баасангийн нэрэмжит “Хөдөлмөрийн эрх зүйн онол, практик” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг цахим хэлбэрээр тогтмол нийтийн хүртээл болгох юм байна.